Монголд сүүлийн жилүүдэд багш сурагчдаа гар хүрэх асуудал нэлээдгүй гарах боллоо.

Багш, сурагчийн хоорондын харилцаа, ёс зүй аль аль талдаа муу байгаагийн илрэл болсон харамсалтай хэрэг Хэнтий аймгийн Бор-Өндөрт гарав.  Бор-Өндөр цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Бат-Эрдэнэ элгээ бяцартал багшдаа зодуулсан хэмээн  ГССҮТ-д элэг бяцарсан оноштойгоор хагалгаанд орсон юм. Сурагчийн ар гэрийнхэн түүнийг ангийн багшдаа зодуулсан учраас элэг нь бяцарсан гэж мэдэгдсэн. Тодруулбал хүүгийн эгч нь “Хичээлээс хоцорсон гэж дүүг маань зодсон. Ингэхдээ эхлээд толгой руу нь цохисон бөгөөд гараараа хамгаалангуут гарыг нь өргүүлж байгаад элэгдсэн” гэв. Харин тус сургуулийн захирал М.Дүгэрсүрэн "Ангийн багш нь нэг цохьсон гэсэн. Гэхдээ тэгж айхтар нөлөөлтөл цохьсон эсэхийг хууль, хяналтын байгууллага л тодруулах байх даа. Н… багш жижигхэн биетэй эмэгтэй хүн шүү дээ. Тэгж нөлөөлтөл цохьсон эсэхийг мэдэхгүй байна. Сурагч хүү болохоор “Манай багш буруугүй” гэсэн байна лээ. Багш нь хотод очоод сурагчийн ар гэрийнхэнтэй уулзсан. Хүүгээ сахиж байгаа аав нь багшид хэлэхдээ “Манай ах дүү нар энэ мэдээллийг анх сошиалд тавьчихсан байна” гэсэн юм. Эл болсон үйл явлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс тухайн багш татгалзаж, "Би зөвхөн цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгнө" гэв.

Саарын хажуугаар сайн бүхэн дэлгэрч л байна. Тодруулбал, БЗД-ийн 25 дугаар хороо цэцэрлэгтэй болов.

 100 хүүхдийн хүчин чадал бүхий тус цэцэрлэгийн байрны бүтээн босголтыг улсын төсвийн 721.3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьжээ. Шинэ цэцэрлэг дөрвөн бүлэгт 142 хүүхэд, 24 багш ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулна. Ийнхүү уг цэцэрлэг нээгдсэнээр тус хорооны хамран сургах тойргийн сургуулийн өмнөх насны 142 хүүхдийг хамруулан, хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. 

Улс төрд нэгэн үйл явдал шуугиан дэгдээв. Тодруулбал, Норовын Алтанхуяг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн бодлогын зөвлөхийн үүрэгт ажлаасаа сайн дураараа чөлөөлөгдсөн юм. 

Тэрээр өргөдөлдөө "Таньтай хамтран ажилласан нэг жил найман сарын хугацаанд МАНАН бүлгийн байгуулсан шударга бусын хонгил, байгалийн баялагт нүүрлэсэн хулгай дээрэм гээд олон хууль бус явдал илчлэгдэж улс орон маань зөв тал руугаа явах нь гэсэн итгэл найдвар бага ч гэсэн сэргэж байгаад бидний хамтын ажиллагааны хувь нэмэр өчүүхэн ч гэсэн атугай бий буй за. Миний бие "Шударга ёс"-ны төлөө тэмцсээр ирсэн, цаашид ч ардчиллаа аврах, хүний эрхийг хамгаалах, эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлэх, нам дамнасан бүлэглэлийн хамсаатан болсон АН-ын удирдлагатай хариуцлага тооцох зэрэг хойшлуулашгүй ажлууд хүлээж байна. Эдгээр асуудалд цаг зав гарган зүтгэх шаардлагатай болсноо ийн тайлбарласан байв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны долдугаар сарын 28-нд зарлиг гаргаж Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөхөөр томилж байжээ.

Эдийн засгийн байдал сайжираагүй байгаа. Гэтэл өнөөдрийн байдлаар ДУНДАЖ ЦАЛИНГ 1 сая 120 мянга 300 төгрөг байгаа хэмээн ҮСХ-ноос мэдэгдэв. 

2018 оны дөрөвдүгээр улиралд 40,5 мянга гаруй байгууллагын 652.2 мянган ажиллагчид нийгмийн даатгал төлжээ. НДШ төлөгчдийн медиан цалин 806.6 мянган, дундаж цалин 1 сая 120 мянга 350 төгрөгт хүрсэн байна. Төрийн өмчит үйлдвэрийн газар болон хувьцаат компанийнх ажиллагчид 1.3 сая, хязгаарлагдмал хувьцаат компанид ажиллагсад 1.2 сая төгрөг, төсөвт байгууллагынх 901 мянган төгрөг, хоршоонд ажиллагсдынх 400 мянган төгрөг байгаа аж. Харин уул уурхайн салбарын ажиллагсад хамгийн их буюу 2.5 сая төгрөгийн цалинтай бол нийтийн хоолныхны салбарынхан 704 мянган төгрөгийн дундаж цалинтай байна гэсэн статистик дүн гарчээ.

Спортынхон гаргасан амжилтаараа дэлхийд гайхагдсаар байна. Тодруулбал,Өсвөрийн ДАШТ-ээс "Монгол охин" анх удаа медаль авлаа

Америкийн Нэгдсэн улсын Лас-Вегас хотод болж байгаа 2019 оны хүндийн өргөлтийн өсвөр үеийн ДАШТ амжилттай болж байна. Уг тэмцээнд манай улсаас Монголын хүндийн өргөлтийн холбооны үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Г.Энэрэл, Б.Хонгорзул нар оролцлоо. 

Эмэгтэйчүүдийн 71кг-ийн жинд өрсөлдсөн ОУХМ Г.Энэрэл хүрэл медаль хүртэж спорт сонирхогчдыг баярлуулаад байна.  Түүний энэхүү амжилт нь Хүндийн өргөлтийн түүхэнд өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс авсан анхны медаль болж байгаагаараа онцлог юм.  Тэрбээр 17 настай, БГД-ийн Ганзам 20-р сургуулийн сурагч бөгөөд түүний жинд өсвөрийн шилдэг 13 тамирчин өрсөлджээ.

ОХУ-ын Екатеринбург хотноо Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны “Grand Slam-Ekaterinburg-2019” тэмцээний эрэгтэй 60 кг-д өрсөлдсөн манай жүдоч Лхагважамцын Өнөболд алтан медаль хүртлээ.

Энэ удаагийн Их дуулга тэмцээнд 47 орны чансаа өндөртэй дэлхийн шилдэг 358 жүдоч оролцож байгаа юм. Манай улсаас хашир туршлагатай болон шинэ залуу 20 жүдоч оролцож байгаа бөгөөд өчигдөр буюу гуравдугаар сарын 15-нд эмэгтэй 48, 52, 57 кг, эрэгтэй 60, 66 кг жингийн барилдаанууд болж шилдгүүдээ тодруулсан байна. Тус тэмцээний эхний өдөр манай зургаан бөх барилдлаа.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдсан Л.Өнөболд тэмцээний салхийг хагалан "булган сүүлтэй" байж аваргын алтан медалийн эзэн боллоо. Энэ жил 21 настай түүний анхны Их дуулга тэмцээн юм. Л.Өнөболд 2017 онд 21 хүртэлх насны залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн билээ. Мөн түүнчлэн хоёр жил дараалан насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн өсч яваа жүдоч юм.  

Эрэгтэйчүүдийн 60 кг жингийн хагас шигшээ барилдаанд ОХУ-ын Яшуев Ислам дүрмийн бус хориотой үйлдэл гарган хасагдсанаар манай бөх алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. Яшуев Исламын хувьд 3108 оноотойгоор жиндээ дэлхийн чансааны 12 дугаарт эрэмбэлэгдэж байгаа шилдэг тамирчин. Л.Өнөболд алтан медалийн төлөөх барилдаанд Японы Ошима Юуматай хүч үзэж торгуулиар цэвэр яллаа. Л.Өнөболдод ялагдсан Ошима Юума нь өнгөрсөн жил бүх Японы аваргад түрүүлсэн шилдэг залуу жүдоч юм байна.

 

Х.Даваа