УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Швейцарийн “Credit Suisse AG” банк дахь С.Баярцогтын таван дансны гүйлгээний хуулгыг Монголд авчирсан талаар мэдээлж байсан.   Тэгвэл өчигдөр өглөө  УИХ-ын Т.Аюурсайхан мэдээлэл хийж, түүнийг нь 17:00 цагт  С.Баярцогт цөөн хэвлэл нэр цохон дуудан ирүүлж оффшор дансны мэдээллээ  тайлбарлаж хэвлэлийн бага хурал хийлээ.   Тэдний тайлбаруудыг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдээлэлдээ:  С.Баярцогтын нэр дээрх таван дансаар 2008 оны есдүгээр сарын 30-наас 2013 он хүртэл хийгдсэн гүйлгээ байна

-Би УИХ-ын гишүүн, Оффшорын эсрэг бүлгийн ахлагчийн хувьд Швейцарт хийсэн айлчлалын хүрээнд мэдээлэл хийсэн. Зарим гишүүд энэ мэдээллийг үгүйсгэж байна. Иргэн С.Баярцогтын нэр дээр Швейцарын банкны дансаар мөнгө орсон, гарсан баримт байгаа. Миний авсан мэдээллээр хараахан АТГ-т очоогүй байгаа гэсэн. Чухал ач холбогдолтой мэдээлэл дарагдахаас сэргийлэх ёстой.

Иргэн С.Баярцогтын нэр дээрх таван дансаар 2008 оны есдүгээр сарын 30-наас 2013 он хүртэл хийгдсэн гүйлгээ байна. “Оюутолгой”-н гэрээ 2008 оны 10 дугаар сард хийгдсэн. Иргэн С.Баярцогт энэ хугацаанд Сангийн сайд, УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан. Тиймээс өөр олон эзэн холбогдогчтой байж магадгүй. Төр нийгэмд хуулийн хяналтыг тогтоох зорилгоор би энэ мэдээллийг хийж байна. Хуулийн байгууллагад шалгах боломжийг нь олгох ёстой. Нөлөөллөөс ангид байлгах хэрэгтэй гэж үзэж байна.

Швейцарийн холбооны улсаас иргэн С.Баярцогтын бүх гүйлгээний мэдээллийг өгсөн. Энэ бол АТГ, прокурорын байгууллагуудтай хийсэн албан ёсны харилцааны үндсэн дээр Монгол Улсад хүлээлгэн өгсөн. Хуулийн байгууллага хуулиа биелүүлэхэд бид улс төрийн дэмжлэг үзүүлэх ёстой. УИХ дахь оффшорын эсрэг бүлгээс Швейцарийн холбооны улсын өмгөөллийн товчоо, холбогдох банкинд удаа дараа хүсэлт илгээсэн.

Энэ асуудлыг ил болгоход төрийн бус байгууллагуудаас идэвх санаачлагатай ажилласан. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, О.Баасанхүү нар буруу мэдээлэл өгсөн байна лээ. Тэд оффшорын эсрэг хуруу байтугай хошуу нэмэрлэж байгаагүй хүмүүс. Тийм учраас энэ асуудлыг мэдэхгүй байх нь аргагүй. Айлчлалын хүрээнд энэ хүмүүс багтаад ямар ч үр дүнгүй, татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийгээд яваад ирсэн. УИХ-ын нэр бүхий гишүүдийн мэдээлэл дээр үндэслэн би энэ мэдээллийг хийж байна.

Энэ мэдээлэл УИХ-ын даргын айлчлалын хөтөлбөрт байхгүй. Гэхдээ Швейцарийн холбооны улсын банкнаас иргэн С.Баярцогтын нэр дээрх дансны дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн. Таван дансанд орсон гарсан гүйлгээ байгаа учраас лавшруулж шалгах шаардлага үүсч магадгүй. Өөр бусад эзэн холбогдогчийг шалгаж ч магадгүй.

Бусад мэдээллийг мөрдөн байцаах ажиллагааны үед мэдээлэх хориотой. ГХЯ-нд 14 хоногийн өмнө С.Баярцогтын оффшор данстай холбоотой мэдээлэл ирээгүй. ГХЯ дээр байгаа мэдээллийг би саяхан авсан. Бусад хүмүүс энэ мэдээллийг мэдээгүй байсан.

Харин энэ мэдээллийг Сангийн сайд асан С.Баярцогт өөрөөр тайлбарласан юм. 

С.Баярцогт: Т.Аюурсайхан дипломат шуудан зөөж авчрахдаа нэг бол задалж уншсан...

"Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаах ажил явж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Монгол Улсын төрийн байгууллага, Швейцарын холбогдох байгууллагууд хамтран ажилласан асуудлыг нэг хүний хийсэн ажил мэт болгох гэж байгаад мөн энэ ажилд саад болох магадлалтай гэдгийг хэлэхийг хүсч байна. 

Хоёр зүйлийг би онцгойлон тайлбарлах ёстой. Нэгдүгээрт, Монгол Улсын төрийн байгууллагууд, хууль хүчний байгууллагууд Швейцарын холбогдох байгууллагуудтай хамтран ажилласан үйл ажиллагааг нэг хүний гавъяа мэтээр ойлгуулж, тайлбарлаж байгаа. Нөгөө талаар, Швейцарын холбооны улсын холбогдох байгууллагуудад буруу ойлголтыг төрүүлж, цаашид үйл ажиллагаа явуулахад нь хүндрэл учруулах зүйл ажиглагдаж байна гэж Монгол Улсын төр, Засгийн байгууллагуудад олон жил ажилласан хүний хувьд би тэгж харж байна. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийхдээ энэ мэдээллийг ирүүлэх, энэ хэрэгт нэр холбогдсон хүмүүс аль болохоор ирүүлэхгүй байх тал дээр нь ажиллаж байна гэдгийг тайлбарыг өгсөн учраас би энэ хоёр зүйлийг бодитой баримттай няцаах үүднээс өнөөдөр та бүхэнтэй уулзаж байна.

2017 оны дөрөвдүгээр сард АТГ-аас Прокурорын байгууллагаар дамжуулан Швейцарын холбооны улсад данстай холбоотой мэдээллийг хүссэн юм билээ. 2017 оны 12 сард Швейцарын холбооны улс энэ асуудлаар эрхзүйн туслалцаа үзүүлэх эсэх талаар хэрэг нээж, холбогдох дансны хуулга, гэрчийн мэдүүлэг авсан юм билээ. Тухайн үед надад өөрөө ирж оролцох боломжгүй бол өмгөөлөгч авах нь зүйтэй гэсэн зөвлөгөө өгсөн учраас би авсан. Ингээд бүх материалаа нэгтгээд 2018 оны 12 сард Монгол Улс руу илгээх шийдвэр гаргаж, үүнийг эсэргүүцэх боломж байгаа талаар надад дуулгасан. Хэрэв эсэргүүцэн давж заалдах юм бол багадаа 2 жилийн хугацаа зарцуулан, эцэст нь ирэхгүй ч байж магадгүй гэдгийг хэлсэн. Би эсэргүүцэл бичих шаардлагагүй, хурдан ирэх тусам хэрэг шийдэгдэж, надад ашигтай гэж хэлсэн.  Би өөртөө байсан бүх материалыг гаргаж өгсөн. Миний оффшор данстай холбоотой анх нээсэн, хаасан, гүйлгээ гээд бүх зүйлийг нь гаргаад 2017 онд АТГ-д хүргэж өгсөн. Өнгөрсөн нэгдүгээр сард өөр асуудлаар гэрчийн мэдүүлэг авах үед би Швейцарын талаас удахгүй явуулах гэж байгаа талаар хэлсэн юм. 

Т.Аюурсайхан дипломат шуудан зөөж авчрахдаа нэг бол задалж уншсан, эсвэл нөгөө зөөж байгаа хүн нь С.Баярцогттой холбоотой дансны хуулга байгаа гэж хэлсэн байх гэж таамаглаж байна" гэлээ. 

Тэрбээр ярианыхаа төгсгөлд  "700 гаруй хуудас материалыг АТГ-д сайн дураараа гаргаж өгсөн. Эдгээр баримтыг Монголын талд хүлээлгэн өгөх талаар би 2018 оны 12 сард гарын үсэг зураад шийдсэн байсан. Энэ нь л айлчлалын багийн ирсэн онгоцоор ирсэн юм шиг байгаа юм. Швейцарын тал ямар ч материалыг зүгээр нэг улс төрч, хичнээн шударга тэмцэгч байсан ч шууд өгөхгүй. Бүх байгууллагууд нь ажиллаж байж, шүүхээр орж байж л өгнө. Эдгээр материал Монгол Улсад ирэх хүртлээ жил гаруйн хугацаа өнгөрсөн" гэжээ.