13 настайгаасаа загварын ертөнцөд хөл тавьсан мисс Ч.Содтуяа  "Азийн модел" агентлагийг удирдаж яваа гэдгийг уншигч та гадарлах биз ээ. Тэрбээр мэргэжил нэгт залуутайгаа хайрын романс үүсгэн хөөрхөн охинтой болсон ч амьдрал нь бүтээгүй гэдэг. Охиноо өөрийнхөө нэр дээр авсан мисс бүсгүй тун чиг хөдөлмөрч нэгэн. Түүний охин С.Содонгоо нь есөн настайдаа  Азийн Олон улсын хүүхдийн хувцас загварын долоо хоног болон Азийн телевиз, кино загварын топ модель шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, “Гранпри” буюу тэргүүн байранд шалгарсан удаатай.  Тус тэмцээнд Азийн орны нийт 300 гаруй хүүхэд оролцож, авъяас чадвараараа өрсөлддөг ажээ. Ийнхүү мисс ээжийнхээ замналаар багаасаа загварт хөл тавьснаар Азийн бяцхан топ модель болсон түүхтэй. С.Содонгоо гурван настайдаа Барби сэтгүүлийн зохион байгуулдаг "Барби мисс" тэмцээнд оролцон тэргүүн байрыг эзэлж байсан амжилттай. Тэрбээр "Миний хамгийн хайртай хүн бол миний ээж. Яагаад гэвэл миний ээж миний бүхий л ертөнц. Үргэлж надтай хамт байж, ямар ч үед намайг дэмжиж миний ар тал байсаар ирсэн. Энд мөн эмээгээ дурдах ёстой гэж бодож байна. Эмээ минь ч гэсэн яг л ээж шиг миний бүхий л арга хэмжээ, тэмцээн уралдаанд намайг дэмжиж байдаг. Мөн л миний бүхий л зүйлийг хийдэг юм. Би энэ хоёртоо хязгааргүй их хайртай. Би хэдий жоохон байгаа ч тэднийхээ ачийг хэзээ нэгэн өдөр хариулна аа гэж бодож явдаг. Энэ хоёр хүн бол миний хамгийн том ертөнц гэж хэлж болно" хэмээн Азийн бяцхан топ модель авсныхаа дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдаж байжээ.

О.Ариун