Нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр /2019.04.17/ 15:47 цагт Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид үйлдвэрийн осол гарлаа гэсэн дуудлага ирсэн.

Уг дуудлагын дагуу Аврах ангийн албан хаагчид түргэн шуурхай ажиллаж, албан үүргээ гүйцэтгэж байгаад хорт хийнд хордсон есөн ажилтны тавд нь авран туслах ажиллагаа явуулж, анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж, эмнэлгийн байгууллагад шилжүүлсэн хэдий ч дөрвөн хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан юм.

Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид өчигдөр болсон нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлээс байгуулагдсан ажлын хэсэг албан ёсны мэдээллийг хүргэж байна.

НЗД-ын Захирамжаар өчигдөр шуурхай ажлын хэсэг байгуулагдлаа. Тус ажлын хэсэг нь өчигдөр гарсан үйлдвэрлэлийн ослын улмаас хүний амь нас эрсэдсэн тул үүссэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, холбогдох арга хэмжээг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий юм.

Үүнд БХБЯ, МХЕГ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба гэх мэт мэргэжлийн бүх байгууллагуудыг оролцуулаад байна. Ажлын хэсэг юун түрүүнд үйлдвэрт гарсан ослын шалтгааныг тогтоох, амь насаа алдсан ажилтнуудын ар гэрт дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.

Төв цэвэрлэх байгууламжийн түүхий лаг хүлээж авдаг насосны станцыг 48 цагийн дотор хэвийн горимд оруулан ажиллах тал дээр дэд ажлын хэсэг байгуулагдаж шуурхай ажиллаж байна. Өчигдөр гарсан ослоос үүдэж одоогийн байдлаар Төв цэвэрлэх байгууламжид 50-60 сантиметрийн зузаан лаг хуримтлагдаад байна. Эдгээр лагийг шингэлж, зайлуулах ажлыг яаравчлан гүйцэтгэж байна. Түүнчлэн хэрэг гарсан насосны станцыг юуны түрүүнд цэвэрлэж, зайчлах хэрэгтэй байна. Ингэснээр бусад холбогдох байгууллагууд ажлаа хийж, хэргийн мөрдлөгийг үргэлжлүүлэх боломжтой болно.

Холбогдох байгууллагын удирдлага, албан хаагч нар амь үрэгдсэн ажилчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, туслалцаа үзүүлж байгаа. Өнөө өглөө Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг Дарга С.Амарсайхан нар эмгэнэл илэрхийлж, мэдээлэл хийсэн. Үүгээр дамжуулж мөн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны өмнөөс ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлж байна.

Мөрдөн байцаах ажиллагаанд бид хөндлөнгөөс саад болох эрхгүй. Тийм учраас Цагдаа болон Прокурорын газраас өгсөн чиглэлийн дагуу хуульд заасан хэмжээний хүрээнд мэдээллийг өгч байгааг онцлох хэрэгтэй.

УСУГ-ын дарга болон Нийслэлийн Засаг даргын гаргасан шийдвэрийн дагуу хэрэг гарсан орчимд онцгой горимд шилжүүлэн ажиллаж байна. Түүнчлэн тус орчинд дахин осол гарахаас урьдчилан сэргийлж, үүсэн лагийг цэвэрлэснээр холбогдох байгууллагууд ажлаа хийж, мөрдлөгийг явуулах боломжтой болно.

Амь үрэгдсэн дөрвөн хүнээс гадна хамт ажиллаж байсан дөрвөн цэвэрлэх байгууллагын ажилтан, нэг гэрээт байгууллагын ажилтан тухайн үед хурцаар хордож эмнэлэгт хүргэгдсэн. Мөн урьд шөнө хэрэг болох үед хамт ажиллаж байсан зарим ажилчид хүсэлт гаргаж, эмнэлэгт хүргэгдээд байна. Нийт найман хүн хордлого болон сэтгэл зүйн үйлчилгээ авахаар эмчлүүлж байгаа, биеийн байдал тогтвортой байна.

Ажлын хэсгийн гишүүдэд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Барилга хот байгуулалтын яамны нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга н.Лхагвацэдэн, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч М.Эрдэнэжаргал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, Нийслэлийн цагдаагийн газрын дарга Д.Ядамдорж, Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү, Нийслэлийн онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн болон бусад албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр үүссэн нөхцөл байдлыг 48 цагийн дотор хэвийн горимонд шилжүүлэхээр газар дээр нь ажиллаж байна.