2020 оны сонгууль дөхөж, улстөрчид жижиг томгүй бүгд ичээнээсээ цухуйн хөдөлгөөнд орж, ямар ч аргаар хамаагүй оноо цуглуулахын хойноос хөөцөлдөж эхэллээ. Ирэх сонгуулийн тулаанд МАН-ын хувьд унаж байсан эдийн засгаа сэргээсэн гэсэн хамгийн том хөзрөө бариад орох тактиктай байгаа нь ойлгомжтой. Гэтэл АН-ын зүгээс хийсэн нэгэн нүүдэл энэхүү тамга хөзрийг нь үгүй хийж мэдэхээр байдал үүсээд байна.

Ардчилсан намын дарга С.Эрдэнийн санаачилсан “Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл” гэсэн урт нэртэй хууль их хурлаар хэлэлцэгдэхээр орж ирлээ. Энэхүү хуулийн хоёрхон хуудас төсөл нь АН-ын хувьд тун ч дажгүй ухаалаг нүүдэл болж, МАН-ыг ацан шалаанд оруулав. Энэхүү хуулийг батлах эсвэл буцаах эсэх нь их хуралд 65 суудалтай эрх баригч хүчин болох зөвхөн МАН-аас хамаарна гэхэд болно.

Зээлийн хүүгийн дээд хязгаарыг 12-24 хувийн хооронд хязгаарлах энэхүү “поп” хуулийг ард түмэн алгаа ташин дэмжих нь дамжиггүй. Нөгөө талаас Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам болон эдийн засагчдаас энэхүү хуулийг батлавал долларын ханшаа алдах, жижиг дунд бизнес эрхлэгч болон жирийн иргэдэд зээл олдохгүй. Улмаар зээлийн хар зах цэнэглэх, татварын орлого буурах зэргээр эдийн засагт асар том эрсдэл үүсгэхийг сануулаад байдаг.

Эрх баригчдын хувьд энэ хуулийг батлахгүй буцаах тохиолдолд АН-ын зүгээс улстөрийн тоглолт хийж оноо авах өгөөш нь болно. Ард түмнийхээ төлөө зээлийн хүүг бууруулах хууль өргөн барьтал МАН батласангүй гэсэн мессежийг ард түмэнд шидэхэд л хангалттай.

Эсрэгээрээ батлаж орхивол МАН-д бүр ч халтай болох нь. Энэ хуулиас гарах бүх гавьяа шагналыг нь АН өмчилж аваад 2020 оны сонгуульдаа ашиглана. Эсрэгээрээ эдийн засагт учрах бүх эрсдийн хариуцлага нь МАН дээр бууна. Ядаж байхад дотооддоо зөрчилтэй тус намын хувьд өөртөө оноо цуглуулах санаатай “поп дуучид” нь намын даргынхаа үгэнд орохгүй, АН-ын төслийг дэмжээд явчих гээд байдаг.

МАН-ын дарга У.Хүрэлсэхийн хувьд сонгууль болоход ганцхан жилийн хугацаа үлдсэн үед эдийн засгаа эрсдүүлж АН-д нэмэх оноо өгөх үү, эсвэл хууль унагааж “ард түмний төлөө” ажилласан нэр зүүх үү гэсэн хэцүүхэн сонголттой туллаа.

 АН-ын түлхсэн “хүүгийн шалаа”-нд унах уу, давж гарах уу. Улстөрч хүний уран нүүдэл У.Хүрэлсүхээс гарах уу гэдгийг харцгаая. Гол нь энэ бүхний ард НОЁН үлдэх болов уу гэдэг л байна.

Эх сурвалж: http://asuudal.mn

Г.ҮҮЛТ