УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын дарга, дэд даргыг томилох Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжив. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулахдаа, АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарын нөхөн томилгооны бүрэн эрхийн хугацаа 2017 оны 11 дүгээр сард дууссан хэмээн үзэж, Ерөнхийлөгч Х.Баттулга тус газрын шинэ дарга, дэд даргыг томилох саналаа хүргүүлснийг хэлээд, АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайханыг томилох ерөнхийлөгчийн саналыг журмын дагуу хэлэлцэхийг хүслээ. Мөн тэрээр, нэр дэвшигчдийн ажил байдлын тодорхойлолтыг танилцуулж, тус албан тушаалд томилогдох шаардлагыг бүрэн хангасныг онцлов. Мөн АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайхан нарыг томилохыг дэмжсэн Хууль зүйн байнгын хороо /ХЗБХ/-ны санал, дүгнэлтийг тус хорооны дарга Ш.Раднаасэд танилцуулав.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд нэр дэвшигчдээс асуулт асуув.

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Хуулийн байгууллагаар олон жил ажилласан туршлагад нь үндэслэн зарчмын хувьд нэр дэвшигчдийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, “Улс төрчдийн холбогдсон томоохон хэргийг АТГ илрүүлж, хариуцлага тооцож чаддаггүй. Нам дамжсан “олигарх” гэж яриад байгаа хүмүүстэй тэмцэх нэрээр олон хүнийг хэлмэгдүүлдэг. Тиймээс хуулийн үндэстэй, нуруутай, шударга асуудалд хандаж, ажиллахыг нэр дэвшигчдэд захиж хэлмээр байна. Өршөөлийн хуулиар, 33 их наяд төгрөгийн бондын мөнгийг өршөөсөн гэж өнөөдөр чөлөөлөгдөх АТГ-ын удирдлагууд ярьсан. Хууль баталж, луйвар хийдэг хэсэг хүмүүстэй яаж тэмцэх вэ. Төрийн нэр барьж бондын мөнгийг өөртөө аваад хүүлээд суудаг, насаараа төрд ажилласан хэрнээ үндэслэлгүй хөрөнгөжсөн хүмүүс бий” гэлээ.

 

АТГ-ын даргад Нэр дэвшигч З.Дашдаваа, “АТГ-ын шалгаж байгаа хэргүүд хэрхэн шийдвэрлэгдэхийг нийгэм даяараа хүлээж байгаа. Миний бие АТГ-ын даргаар томилогдвол одоо шалгаж байгаа хэргүүдтэй танилцаж, шалгах ажиллагааг эрчимжүүлнэ. Хэргүүдийг хуулийн хугацаанд нь шуурхай шалгахад бүтэц зохион байгуулалтын ажил хийнэ” гэв.

 

УИХ-ын гишүүн С.Чинзориг, “АТГ улс төрөөс ангид ажиллах, хуулийн дагуу хүлээсэн үүргээ шударга хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байна. Иргэдийн хүсэн хүлээж байгаа шударга ёсыг тогтоох  хэрэгтэй. Иргэдийн дунд яригдаж байгаа томоохон хэргийг илрүүлэхэд шуурахй ажиллахыг хүсэж байна. Өмнөх удирдлагуудын алдааг засаж, оноог үргэлжлүүлж ажиллаарай. Өмнөх удирдлагууд зарим хэргүүдэд сайн ажилласан гэж дүгнэдэг. Тухайлбал, С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан эрүүдэн шүүсэн асуудлыг олон нийтэд ил болгоход санаачлагатай ажилласан. Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний шалгахад зүтгэлтэй, ахицтай ажилласан гэж дүгнэж байгаа. Энэ томоохон хэргүүдийн сэжүүр гарсан. Тиймээс үүнийг цааш нь үргэлжлүүлж, цаашид шуурхай ажиллана гэдэг итгэж байна” гэлээ.

 

АТГ-ын даргад нэр дэвшигч З.Дашдаваа, “Хэрэгт авагдсан баримттай танилцаж, мэдээлэл бодитой болно.  Ажилд томилогдсон өдрөөс дээрх чиглэлийг баримталж шуурхай ажиллана” гэв.

 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн эхний үе шат дууслаа. Хуулийн хэрэгжилттэй холбоотой товхимолыг АТГ-аас бидэнд өгсөн. Үүнээс харахад 2017 онд тус хөтөлбөрийн биелэлт 32 хувь, ноднин 35 хувьтай байна. АТГ-аас тус хөтөлбөр хангалтгүй хэрэгжсэн гэж дүгнэсэн байна билээ. Энэ товхимолд шинжээч нарын хийсэн судалгаанд, “монголын нийгмийн бүх хүрээнд, өдөр тутамд авлига хэвийн үзэгдэл болсон” гэжээ. Өөрөөр хэлбэл, авлигал нэг төрлийн соёл болчихсон байна" гэв.

 

АТГ-ын даргад нэр дэвшигч З.Дашдаваа, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт 83 ажил төлөвлөсөн байсан. Үндэсний хөтөлбөрийн 11 зорилт дотор төрийн ажлыг ил тод, нээлттэй болгоход тодорхой асуудал дэвшүүлсэн байна билээ. Дээрх товхимолтой танилцсан. Ажлаа хүлээж авбал, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн дутуу хэрэгжсэн шалтгааныг холбогдох албан тушаалтнаас мэдээлэл авснаар хариулах боломжтой болно гэж бодож байна” гэлээ.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, АТГ-т 72 сая ам.долларын оффшортой холбоотой асуудлыг шагуулахаар өгсөн гэдгээ тодотгоод, оффшорын хэрэгтэй хэрхэн тэмцэх талаар тодруулав. Мөн ЖДҮХС-гаас хамаарал бүхий этгээддээ зээл авсан албан тушаалтны хэргийг хэрхэн шалгахыг асуув. Мөн тэрээр, 33 их наядын араас санаа зовоод байх асуудал байхгүйг хэлээд, УИХ тэр өршөөгдсөн хүмүүсийг мөнгөө эргүүлэн төлөх хууль батлаад шийдэх боломжтойг хэллээ. Түүнчлэн улс төрийн нөлөөнд авталгүй, хараат бусаар ажиллахыг захив.

 

УИХ-ын гишүүн З.Дашдаваа, АТГ бие даан хараат бусаар ажилладаг байгууллага гэдгийг тодотгоод, хуулийн хүрээнд ажиллахаа илэрхийллээ. Мөн 72 сая ам.долларын оффшорын хэрэгтэй танилцаад эргэн хариу мэдэгдэнэ гэлээ.

 

Нэр дэвшигч Ж.Батсайхан, АТГ-т 9 жил ажилласан гэдгээ тодотгоод, “тус байгууллагын удирдлага ямар нөхцөлд ажилладгийг сайн мэднэ гээд, албан үүргээ гүйцэтгэхэд ямар нэгэн хөндлөнгийн нөлөө гарахгүй гэдгийг онцоллоо. Мөн тэрээр, оффшортой тэмцэхэд, санаачлага гарган ажиллахаа илэрхийллээ.

 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, АТГ-ын хуучин удирдлагуудыг муу ажилласан гэж дүгнэхгүй байгаагаа хэлээд, хуучин ажлыг нь үргэлжлүүлэн авч явахыг шинэ удирдлагуудаас шаардах болно гэлээ.

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Хоёр нэр дэвшигч, хуулинд заасан шаардлагыг хангаж байгаа талаар тодруулж, өмнөх удирдлагын бүрэн эрхийн хугацаа хэрхэн дуусаж байгаа талаарх хуулийн тайлбар хүсэв.

 

ЕТГ-ын дарга З.Энхболд, хуулийн шаардлагыг нэр дэвшигчид бүрэн хангасан гэдгийг тайлбарласан гэдгээ хэлээд, Авлигын эсрэг хуулиар, АТГ-ын дарга нөхөн томилогдвол, хуучин даргын бүрэн эрхийн хугацаагаар хязгаарлагддаг зохицуулалттай гэдгийг тэмдэглэв.

 

Ингээд гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа.  Үүний дараа УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Л.Мөнхбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Н.Учрал нарын гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, "АТГ-ын нэр дэвшигчдэд байр сууриа өчигдөр ХЗБХ-ны хуралдаанаар илэрхийлсэн. Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажил Засгийн газрын үүрэг. Авлигатай тэмцэх ажлыг гүйцэтгэх засаглалтай ажил маань гүйцэтгэх засаглалтай хамааралтай. Тиймээс АТГ-ыг хараат бус байлгахын тулд статусыг эргэж харах хэрэгтэй. Хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/ авах, хэвлэл мэдээлэлд ярилцлага өгснөөр соён гэгээрүүлэх ажлаа хязгаарлаж болохгүй. АТГ-ын 20 гаруй мөрдөгчид шалгаж байгаа хэргийг нь хуваахад, маш их ачаалалтай байгаа нь ажиглагддаг. Тиймээс мөрдөгч нарынхаа орон тоог нэмж, байгууллагынхаа ажлыг шинэ шатанд гаргахад анхаараарай. Цаашдаа улс төрөөс ангид, хараат бус, бие даан ажиллахыг хүсэж байна" гэв. 

 

УИХ-ын гишүүн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, "АТГ-ын түүхэнд эгзэгтэй цаг үед та бүхэн томилогдож байна. Магадгүй та хоёр нийгмийн хүлээлтэд хүрэхээр хэмжээнд сайн ажиллахгүй бол АТГ бараг татан буугдана. Учир нь иргэд тус байгууллагад итгэхээ байсан. Би АТГ-ын өмнөх удирдлагууд сайн ажиллаж байсан гэдэгт санал нийлэхгүй байна. Ц.Элбэгдоржийн үед хүн амины зохиомол хэрэг үүсгэж, хилсээр хүмүүсийг яллаж байсан. Нүүрсний наймаанд прокурорууд орчихсон, АТГ нь улс төрийн нөлөөнд автаж, УИХ-ын чуулган эхлэхийн өмнө л нэг хүн хорьдог байсан. Хэвлэлийн бага хурлаараа нэг хүн баривчилсан, сулласан гэдэг, саатуулсан хүнтэйгээ хоолонд цуг ордог. АТГ улс төрийн алиа, салбадай шиг болчихсон байсан. Ийм харицлагатай үед томилогдож байгаа тул, сайн ажиллахгүй бол эргээд та хоёрт чөлөөлөгдөх өдөр ирэх болно гэдгийг санаарай. АТГ төрийн дээд албан тушаалтнуудтай тэмцэх ёстой болохоос нэг сургуулийн захирлыг шалгах шаардлагагүй. Түүнийг цагдаагийн байгууллага шалгах ёстой. АТГ-ын удирдлагын томилгоо өмнөхөөс өөр байгаасай гэж хүсэж байна. Засгийн газар шинэ удирдлагуудыг бүх талаар нь дэмжиж ажиллана" гэв. 

 

Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссан тул санал хураав.

Гишүүд үг хэлж дууссан тул АТГ-ын шинэ дарга нарыг томилох санал хураав. АТГ-ын даргаар З.Дашдавааг, дэд даргаар Ж.Батсайханыг дэмжсэн ХЗБХ-ны саналыг гишүүдийн олонх дэмжлээ. Тодруулбал, АТГ-ын даргаар З.Дашдавааг 94.6 хувиар, дэд даргаар Ж.Батсайханыг 85.7 хувиар тус тус дэмжив.  Ийнхүү УИХ-ын дарга Г.Занданшатар дээрх хүмүүсийг албан тушаалд нь томилох тушаалыг танилцуулав. 

Дараа нь АТГ-ын дарга нарыг чөлөөлөх асуудлаар санал хураав. АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг гишүүдийн олонх дэмжлээ.

 

 

АТГ-ын даргад нэр дэвшигч З.Дашдаваа:

 

Мэргэжил: Эрх зүйч,  хууль зүйн ухааны магистр

 

Боловсрол:

 

-1992-1996 онд Цагдаагийн дээд сургууль

 

-МҮДС Хууль зүйн ухааны магистр

 

Ажлын туршлага:

 

-1995-1996 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгч;

-1996-2001 онд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст  хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгч,

-2002-2003 онд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч;

-2003-2006 онд Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст  Эрүүгийн тасгийн дарга;

-2006-2008 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга;

-2008-2014 онд Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалт, аюулгүй байдлын  хэлтэст тасгийн дарга, хэлтсийн дарга;

-2014-2017 онд Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал;

-2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар  хэлтсийн дарга

 

-Одоо Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар ажиллаж байна.

 

АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан:

 

Боловсрол:

 

-Цагдаагийн дээд сургуулийг Хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн

-ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид Хууль зүйн ухааны доктор зэрэг хамгаалсан.

 

Ажилласан байдал:

 

-2007-2016 оны хооронд АТГ-т хэлтсийн дарга

-2016-2017 оны хооронд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга