ЭЦГ-аас өнгөрөгч сарын 23-ны өдөр Хошууч генерал Б.Хурцыг хойшлуулашгүй ажиллагаа явуулан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэрээр түүнийг 15 хоног цагдан хорих захирамж гарсан байдаг. 

Б.Хурцыг С.Зоригийн амийг бүрэлгэсэн гэх хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн, эрүүдэн шүүх ажиллагааг анхнаас нь зохион байгуулсан байж болзошгүй гэх үйлдэлд буруутган МБА-ны Тусгай субъектийн үйлдсэн болон Онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж байгаа.

Гэвч тэрбээр өнөөдрийг хүртэл нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй тухай холбогдох албанаас мэдээлсэн. Түүнийг цагдан хоригдох хуулийн хугацаа энэ сарын 9-ний өдөр буюу пүрэв гарагт дуусч байгаа юм байна. Харин үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүхээр дахин хэлэлцэж шийдэх аж.