Японы сумо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал ням гарагт эхлэх Рэйва /Японы шинэ он тоолол/ эриний анхны башёг гэмтлийн улмаас өнжихөөр болов.


Тэрбээр өмнөх буюу Харү башёгийн 15 дахь өдөр Какүрюү Их аваргатай барилдахдаа баруун гартаа гэмтэл авсан юм. Түүний уг бэртэл нь бүрэн илаарь болж амжаагүй учир Нацү башёг өнжүүлэх шийдвэрийг Мияагино ояката гаргажээ. Хакүхо М.Давваажаргал өчигдөр /2019.05.08/ эмчийн үзлэгт орсон бөгөөд гэмтлийг бүрэн эдгээхэд гурван долоо хоног шаардлагатай аж.

 

Хакүхо аваргын дэвжээний багш Мияагино ояаката “Эмчийн хэлснээр баруун гарын булчингийн 70 хувь нь тасарсан байна гэсэн. Анхны үзлэгээр эдгэрэхэд нэг сар хагасын хугацаа хэрэгтэй гэсэн ч Хакүхо өөрөө ирэх башёд барилдахыг хүссэн учир бага багаар дасгалаа хийж байсан. Харин дахин үзлэгт ороход эдгэрэхэд дор хаяж гурван долоо хоног шаардлагатай гэсэн. Бэртлийг ямар нэг аргаар эдгээх боломжгүй бөгөөд булчин нь өөрөө эдгэхийг хүлээх хэрэгтэй. Түүнийг хүчний дасгал хөдөлгөөн хийж болохгүй гэсэн” хэмээн онцолжээ.

Д.Өлзийсайхан

Монцамэ