Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас бензиний үнэ болон ахуй үйлчилгээний газруудад хийсэн хяналт шалгалтынхаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус газраас шатахууны жижиглан худалдаа эрхлэгчдэд албан шаардлага хүргүүлж байгаа гэдгээ онцлов. Шаардлагын хариуг зургаадугаар сарын 17-ны дотор өгөх ёстой юм байна. Хэрэв заасан хугацаанд өгөхгүй бол  шатахууны үнээ буулгаагүй ААН-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах, түтгэлзүүлэх, хүчингүй болгуулах саналаа УУХҮЯ-нд өгнө гэдгээ мэдэгдлээ.

Энэ талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам "2019 оны зургаадугаар сард өмнөх сартай харьцуулахад А-80 болон АИ-92 шатахууны хилийн үнэ тонн тутамд 52 ам.доллар, дизель түлшийн хувьд 1 ам.доллараар буурсан байна. Хилийн үнэ буурсантай холбоотойгоор жижиглэнгийн үнийг бууруулах шаардлагыг хүргүүлж байгаа юм.

Шатахууны үнийн зөвлөлийн зөвлөмж зургаадугаар сарын 4-нд гарч, зөвлөмжийн дагуу зарим ААН шатахууны үнээ бууруулсан. Харин зарим нь бууруулахгүй байна. Тиймээс бид үнээ буулгаагүй ААН-үүдэд шаардлага хүргүүлж байгаа. Зургаадугаар сарын 17-н гэхэд үнээ буулгаагүй тохиолдолд тухайн ААН-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах, түтгэлзүүлэх, хүчингүй болгуулах саналаа УУХҮЯ-нд өгнө" хэмээв.