Монкорд Хадгаламж зээлийн хоршоо дампуурчээ. Гэвч ХЗХ-ны энэ дампуурлыг шийдвэр гаргах эрх мэдэлтэй хэсэг бүлэг хүмүүс нууцлахаар шийдсэн бололтой. Тус хоршооны гишүүд тавдугаар сарын эхээр асуудлыг сөхөн хөндсөн ч тэдний оролдлого Капитал банкны дампуурлын дуулианд дарагдан нам гүм өнгөрч, гишүүд нь өнөөдөр гайхшаа баран сууцгааж байна.

Гэхдээ тэд өнөөдрийг хүртэл зүгээр суугаагүй. УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд гомдол гаргаж, дөрөвдүгээр сарын 30-нд хэлэлцүүлэг зохион байгуулж чадсан. Гэвч энэ хуралд оролцсон цагдаагийн байгууллагын төлөөлөгчид:

-Хадгаламж зээлийн хоршооны асуудлаар 2018 оны 9 сард Цагдаагийн байгууллага хэрэг бүртгэл нээсэн. 2019 оны 3 сард ЦЕГ-ын тэргүүн дэд даргын баталсан тушаалын дагуу ажлын хэсэг байгуулагдаж, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг, мөрдөн шалгах албаны хэлтсийн албан хаагчид ажлын хэсэг байгуулагдаад мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. СЗХ-ноос мөн 10 орчим хүний бүрэлдэхүүнтэй санхүүгийн хяналт шалгалт хийгдэж байгаа.

Өнөөдрийн байдлаар нийт хүмүүсээс мэдүүлэг аваад, анх хэлсэнээс хойш хэдий хэмжээний мөнгө хадгалуулсан, явц дундаа хичнээн төгрөгийн зээл авсан, одоо зээлийн үлдэгдэл хэд гээд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Мөрдөн шалгаж байгаа хэрэг учраас хамаагүй битгий мэдээлэл өгөөч хэмээн мэдэгдсэн байдаг.

Үүнээс өөр мэдээлэл өгөөгүй Цагдаагийн байгууллага хохирогчдоос мэдүүлэг авч байгаа гэх боловч, хууль сахиулах байгууллагын мөрдөгчид албан ёсны мэдүүлэг авах биш эвлрүүлэн зуучлагч байгууллага, зуучлалын үүрэг гүйцэтгэгч шинжтэй ажиллаж байгаад хохирогчид гайхширч байна.

Арван сая төгрөгөө хадгалуулсан иргэний хадгалж 26 сая төгрөг болж өссөн тоон баримт байвал мөрдөн байцаагчид хохирогчид 26 саяыг биш, анх хадгаламжид оруулсан 10 саяыг гаргуулж өгөөд хохиролгүй гэсэн бичиг үлдээх, ийм гайхалтай санал санаачлагыг “тулган шаардаж” байгаа гэнэ.

Хадгаламж зээлийн хоршооны дампуурал ердөө энэ хавар өндийж байгаа юм биш. 2000 оны дундуур  “Баян-Өндөр сан”, “Биз­нес кредит”, “Бөөн цагаан нуур”, “Бүтээн байгуулалт хөгжлийн сан”, “Глоб кре­дит”, “Гэр хорооллын ба­рилгажилт”, “Европын хөг­жил”, “Жигүүр инвест”, “Зиб”, “Итгэл сэтгэл ирээ­дүй”, “Монгол торго”, “Нью болор оргил”, “Оюу алт”, “Си Эм Си”, “Хөрөнгө оруу­­лалт хөгжлийн сан”, “Эрхэст инвест” зэрэг 29 хоршоо дампуурч, 9300 орчим хадгаламж эзэм­шигч хохирч байв.

Цагдаагийн байгууллага ийм олон ХЗХ дампуурсан түүхийг шалган, хэргийг шийдэх тал дээр ажиллаж байсан туршлагатай. Гэхдээ тухайн үед шалгаж байсан ХЗХ-дийн 43 тэрбум 606.5 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилсэн ч үүн дээр нэмэгдэх зээлдэгчийн авлагын 14 тэрбум төгрөг, 20 гаруй газар, таван лицензийг үнэлээгүй гэсэн маргаан одоо ч тасраагүй байгаа.

Цагдаагийн мөрдөгчид яагаад мөрдөн шалгах ажлаа хийхгүй, зуучлагч болчихов. ЦЕГ-ын дарга С.Баатаржав мөрдөгчдийнхөө эрхэлж буй зуучлагчийн шинэ үйлчилгээг ингэхэд мэдэж байгаа болов уу?

niigmiintoli.mn