Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл аваад төлөөгүй компаниудын дунд Эрэл групп нэрлэгдсэн. "Эрэл" ХХК “Байшин үйлдвэрлэх комбинат” төслөөрөө 99.5 тэрбум төгрөг авсан ч нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй баримтыг дэлгэсэн. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ "Эрэл" компани зээлээ төлөөгүй гэсэн мэдээллийг өгч буй бол “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат графикийн дагуу төлж байгаа гэсэн зөрүүтэй мэдээллийг өгсөн юм.

 

"Эрэл групп"-ын ерөнхийлөгч Б.Эрдэнэбат: Зээлээ төлж байгаа, төлөлт хийгдэж байгаа. 2026 онд төлөгдөж дуусна. Тэр үед төлж дуусаагүй бол та нар надаас асуугаарай.  Улс орны хямралтай холбогдуулан барилгын материалын салбар хүнд байдалтай байгаа.

 

 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: “Эрэл”-ийн эргэн төлөлтийн график эвдэгдсэн. Зээлийн ерөнхий зорилго бол муу биш. Дэлхийн стандартын блок үйлдвэрлэж, байшин угсрах үйлдвэр. Тиймээс стратегийн хувьд ач холбогдолтой эсэхийг нь тодорхойлно. Тэгээд стратегийн хувьд ач холбогдолтой гэж үзвэл ТӨҮГ болгон зохион байгуулах асуудал яригдана. Эсвэл зээлийн хугацааг сунгаж, төлөлтөө хийх гэсэн хувилбар яригдана.

 

Зээл төлсөн, төлөөгүйгээс гадна "Эрэл" ХХК “Байшин үйлдвэрлэх комбинат”-аа Засгийн газарт шилжүүлж магадгүй. Тус компанийн захирал ч , Засгийн газрын төлөөлөл Л.Оюун-Эрдэнэ ч энэ тухай дуугарсан. Б.Эрдэнэбат байшин барьдаг үйлдвэр хувь хүнд хэрэггүй, харин Засгийн газартай хамтран ажиллах шаардлагатай гэж ярьсан. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн ТӨҮГ болгож болзошгүй аж.

 

Б.Болд

www.shuud.mn