Цагдаагийн байгууллагаас хар тамхитай тэмцэх чиглэлээр хийж хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга С.Эрдэнэболд өнөөдөр /2019.06.20/ мэдээлэл хийлээ. 

Монгол Улсын хэмжээнд 2018 онд хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар худалдан борлуулсан, хадгалсан гэмт хэрэг 199 бүртгэгдэж, 412 холбогдогч холбогдон шалгагдсан байна. Харин энэ оны эхний хагас жилийн байдлаар 89 гэмт хэрэгт 186 хүн холбогдон шалгагдаж байгаа аж.

 

Энэ оны байдлаар 89 хэрэг шалгагдаж байгаагаас худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, бэлтгэсэн бусдад өгсөн 65 хэрэг шалгагдаж байна. Худалдаалах худалдан борлуулах зорилгоор олж авсан, хадгалсан 24, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хэмжээнд 1 хэрэг шалгагдаж байна.

 

Мөн 2 болон түүнээс олон оролцогчтой бүлэглэн үйлдсэн 12 хэрэг, худалдан борлуулсан 16, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн 16, тарьж ургуулсан 1, орон байраар хангасан 1 хэрэг шалгагдаж байна.

 

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга С.Эрдэнэболд “Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт 18-35 насны залуучууд ихээр өртөж байгаа нь анхаарал татаж байгаа. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын 86 хувийг 18-35 насны залуучууд эзэлж байна. Өсвөр насны залуучууд гэсэн үг. Үүнээс 4.7 хувь нь буюу 9 нь насанд хүрээгүй хүүхэд байна. Мөн хэрэгт холбогдогчдын 54.2 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд байна. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон гадаад улсын иргэн долоо байна. Үүнээс Нигер 4, БНСУ 1, Франц 1, Энэтхэг улсын 1 байна” гэлээ.

 

Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг зөвхөн Улаанбаатарт гарч буй хэрэг биш аж. Сүүлийн жилүүдэд орон нутагт ч үйлдэгдэх болжээ. Тухайлбал энэ оны байдлаар орон нутагт 12 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

 

НМХГ, Нийслэлийн прокурорын байгууллагатай хамтран Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагуудад зургадугаар сарын 10-ны өдрөөс тав хоногийн хугацаанд зохион байгуулжээ.

 

Шалгалтад 62 эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан хамрагдсан байна. Шалгалтын явцад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын чиглэлээр орлого зарлагын бүртгэл байдаггүй, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эмийг хүчингүй, энгийн эмийн жороор худалдаалсан, сэтгэцэд нөлөөт эмийг дутаасан, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж завшсан байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй 17, зөрчлийн шинжтэй 76 нийт 93 үйлдэл илэрснийг материалжуулан эрүүгийн хэрэг үүсгэн холбогдох зөрчлийг харьяалах байгууллагуудад шалгаж эхэлжээ.

 

Мөн өнгөрсөн оноос олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм нэвтрүүлэх оролдлого нэлээд нэмэгдсэн байна. 2019 онд мансууруулах сэтгэцэд нөлөөлөх улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан 16 хэргээс 11 нь шуудан илгээмж ашиглан нэвтрүүлэхийг завдсан байна. Энэ нь шуудан илгээмж ашиглан мансууруулах бодис нэвтрүүлдэг шинэ төрлийн урсгал бий болсныг харуулж байна. ЦЕГ, ГЕГ-тай хамтран энэ төрлийн гэмт хэрэгтэй тууштай тэмцсээр буй юм.

 

Шуудан илгээмж ашиглан:

Испани - 3

Герман- 2

Нидерланд - 2

АНУ 2

Тайланд 1

Их британи 1 иргэн мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар нэвтрүүлэхийг завдсаныг илрүүлэн шалгаж байна. Ойролцоогоор 968 сая орчим төгрөгийн үнэ ханштай эм, бодисыг илрүүлжээ.