Хамаг бүдүүн  болон хурган дарга нар чөлөөлөгдөхөө мэдэх үедээ өвдөөд алга болдог жишиг тогтоод удаж байгаа. Энэ жишгийг тойроогүй дайраад гарсан хүн бол НИТХ-ын төлөөлөгч, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга асан Ж.Батсайхан юм.

Үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх сургаар Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга асан, НИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан  чамгүй удаан хугацаанд өвдсөн. Үүндээ тэрбээр ихэд өс санасан бололтой. Өчигдөр /2019.06.27/ болсон НИТХ-ын ээлжит 26 дугаар хуралдаанаар Засаг дарга С.Амарсайханд өс зангидаж огцруулна хэмээн сүрийг үзүүлэв. Гэвч түүний үзүүлсэн сүр өөрийг нь муухай харагдуулж нэр хүндийг нь унагаж орхисон аж. Учир нь тэрбээр огцрохоороо өвдөж, огцруулахаараа эдгээд гараад ирсэн түүний энэ үйлдэл улс төрийн соёл, ёс зүйгүй муухай харагдуулсан.

Ингэж бодох үндэслэлийг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ажилчид гаргасан. Хэрвээ уншигч та санаж байгаа бол саяхандаа нийслэлээс ажил хүлээлцэхээр очсон албаны хүмүүсийг  Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрынхан муухайгаар хөөж, төр түмэндээ үйлчлэхгүйгээр улс төржиж, төрийн албан хаагчийн нэр хүндийг шалаар нэг унагасан. Мэдээж энэ үеэр Ж.Батсайхан өвчтэй байж таарсан.

Харин улс төр хийх болохоороо “гол дүр”-д тоглож байгаа нь үнэндээ муухай харагдуулсан.

Асуудлын гол нь хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдгийг ухаараагүй мөнхийн дарга суух сонирхолтой энэ мэт хурган дарга нарын энэ мэт үйлдэл  Монголын төрд ахин гарахгүй Ж.Батсайханаар дуусаг ээ.