Үндэсний их баяр наадам болоход хоёрхон хоног үлдлээ. Үүнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газар болон Тээврийн цагдаагийн албанаас өчигдөр Үндэсний их баяр наадмын хэв журмын хамгаалалт, замын хөдөлгөөний зохицуулалтын талаар мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү, Тээврийн цагдаагийн албаны  Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Э.Бөхбат, Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг нар хэвлэлийн хуралд оролцов.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Э.Бөхбат “Үндэсний баяр наадмын үеэр авто машинд долоон төрлийн зөвшөөрөл олгоно. Төв цэнгэлдэх орчимд 2500 тээврийн хэрэгслийн зогсоол бэлэн болсон. Хүй долоон худагт 7500, нөөцөд 6000 орчим тээврийн хэрэгслийн зогсоол бэлэн болголоо. Иргэд зөвшөөрлийн ард байгаа явах маршрутыг анхаарах хэрэгтэй. Уулзварууд дээр цагдаагийн алба хаагчид ялгалт хийж байдаг. Заалт тэмдгүүдийг байршуулсан. Уулзварууд дээрх мэдээллийн самбарын дагуу цагдаагийн албан хаагчийн ажилд хүндрэл учруулахгүй явах боломж жолооч нарт бий. 

“Удаан хугацаанд түгжирч, хугацаа алдалгүйгээр авто машинаа тавиад нийтийн тээврийн автобус сонгохыг наадамчдадаа зөвлөж байна. Соёолон насны морьд гарах өглөө Улаанбаатараас Хүй долоон худаг руу нэг чигийн хөдөлгөөнд оруулна. Харин соёолон насны морьдын уралдаан дуусахад Хүй долоон худагаас Улаанбаатар хот руу нэг чигийн хөдөлгөөнд оруулна.

Хотод хөдөлгөөний зохицуулалт олон хийгдэхээр байгаа. Энэ талаар цагдаагийн байгууллага хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан тогтмол мэдээлэл өгөх болно. Тиймээс иргэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг анхаарч, замаа сонгож байх хэрэгтэй байна” гэсэн юм.