МЗХ-оос Үндэсний Их баяр наадмыг тохиолдуулан салбартаа манлайлагч бүтээгч залуучуудаа шагнаж урамшууллаа. Тэдний дунд “Yuve Yuve”, ”Wolf Totem” хэмээх хоёр бүтээлээ YouTube-д гаргаснаас хойш маш богино хугацаанд 27 сая гаруй хандалт авсан, бусад хөгжмийн хуудсуудыг оруулбал 70 гаруй саяын үзэлт, хандалт авч дэлхийн рокеруудын төдийгүй нийт хөгжим сонирхогчдын сонорт хэдийнэ хүрч, таашаалд нийцсэн “The Hu” хамтлаг байлаа. 5-р сарын 23-24-нд “Гэрэг” нэртэй анхны бие даасан концертоо эх орондоо тоглож, Европын орнуудад аялан тоглолтоо хийж, дэлхийд алдартай томоохон хөгжмийн наадмуудад оролцож үзэгчдийг байлдан дагуулаад ирсэн “The Hu” бол монгол түмний бахархалт хөвгүүд юм. Энэ бүх амжилтыг үнэлж тус хамтлагийн продюсер МУГЖ,Б.Дашдондогт МЗХ-ны “Амжилтын хүрэл од” одонг МЗХ-ны ЕНБДарга Б.Бэлгүтэй гардуулж өгсөн бөгөөд тэрээр “цаашид МЗХ-ны бүхий л үйл ажиллагаанд үнэт зүйл, алсын зорилго нэгтэй The Hu хамтлагийнхаа гайхалтай бүтээлүүдийг эгшиглүүлж байхаа хэлсэн юм. Мөн энэ үеэр хамтлагийн гишүүн Ц.Галбадрах, Г.Нямжанцан, Б.Энхсайхан, Н.Тэмүүлэн нарыг МЗХ-ны “Тэргүүний залуу”, А.Жамбалдорж, Г.Одбаяр, Б.Батхүү, М.Өнөмөнх нарыг “Хөдөлмөрийн алдар” шагналаар шагнаж амжилт хүслээ.