Нийслэл хотод хэд хэдэн газарт автозамын өргөтгөл шинэчлэлийн ажлуудыг эхлүүлээд байгаа. Харамсалтай нь эдгээр замууд нь хугацаандаа ашиглалтад орохгүй байгаа нь түгжрэлийг нэмэгдүүлээд зогсохгүй тухайн ойр орчмын иргэдийг багагүй бухимдуулаад байна.

Тухайлбал, 100 айлын 1,6 км замын өргөтгөл шинэчлэлтийн ажил эхэлж байгаатай холбоотойгоор 32-ын тойргоос 100 айлын уулзвар хүртэлх авто замыг 3 хэсэгт хуваан хэсэгчлэн хааж, зам барилгын ажлыг эхлүүлээд байгаа. Эхний ээлжинд 32 тойргоос Хангай хотхон хүртэлх 0,3 км авто замыг 06-р сарын 28-ны өдрөөс 07-р сарын 10 хүртэл хаахаар боллоо хэмээн Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллэж байсан ч өнөөдрийг хүртэл нээгээгүй л байна.

Харин өчигдөр “Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321.4 у/м болон Сонсголонгийн 289.4 у/м төмөрбетон гүүрийг шинээр барих” төслийн хүрээнд хуучин гүүрийн хөдөлгөөнийг хааж, засварын ажлыг 2 сарын хугацаанд гүйцэтгэж дуусгахаар төлөвлөсөн байна.