Монголын суу билэгт хөгжмийн зохиолч Б.Шаравд эцсийн хүндэтгэл үзүүлэн салах ёс үйлдэх эмгэнэлийн арга хэмжээ өнөөдөр бар цагт боллоо. Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа болсон ёслолд төр, нийгэм, урлагийн зүтгэлтэн, хүндэт зочид хүрэлцэн ирсэн юм.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Чингис хаан одонт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав нь 1952 оны арван нэгдүгээр сарын 13-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн. Тэрбээр 1973 оноос уран бүтээлээ эхэлсэн бөгөөд “Сэрсэн тал”, “Сэтгэлийн эгшиг”, "Гэгээн алсад одох юмсан" зэрэг олон арван бүтээл нь ард түмний хүртээл болсон юм. Түүнд Үндэсний их баяр наадмыг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн билээ.

 

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.