Олон улсын хөтөлбөрийн сургалттай, төрийн өмчийн ерөнхий боловсролын Шинэ Эхлэл сургуулийн захирал асан Л.Эрдэнэ 10 сая төгрөг хахуульд авсан хэргээр шалгагдаж, анхан шатны шүүхээс ял сонссон. Давж заалдах шатын шүүхээс ялыг хэвээр нь үлдээсэн юм. Хахуулийн хэргээр ял сонсдог болохыг олон  нийтэ сэрэмжлүүлэх зорилгоор уг хэргийг дэлгэрүүлэн хүргэж байна.

Шинэ эхлэл суругулийн захирал асан  Л.Эрлдэнэ бол  1979 онд төрсөн, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд амьдардаг, ял шийтгэлгүй, 2018 онд “Алтан гадас” одонгоор шагнагдсан нэгэн.

Тэрбээр “Шинэ эхлэл” ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 2018-аас 2019 оны хичээлийн жилийн 6 дугаар ангийн элсэлтийн шалгалтанд О.Н-ыг тэнцүүлсний төлөө хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс түүний ээж Н.О-с 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 10.000.000 төгрөгийн хахууль авсан байна. Энэ ажиллагаанд нь  Шинэ эхлэл сургуулийн  хамтран ажилладаг англи хэлний English Strom сургалтын төвийн захирал Г.Гантуяа оролцож хахуулийн хэргийг зуучилсан байна.

Энэ талаараа гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд мэдүүлэгтээ дурьдсан байдаг. Тухайлбал,

Г.Гантуяагын яллагдагчаар өгсөн “...Тэгэхэд Л.Эрдэнэ захирал 10.000.000 төгрөг болно шүү гэсэн утгатай зүйл хэлсэн. Ингээд Л.Эрдэнэ захирал бид 2 О-ий охин Н-ыг “Шинэ эхлэл” сургуулийн шалгалтанд тэнцүүлэхээр тохиролцсон. ...Тэгээд би дүү О-ээс торонд хийсэн 10.000.000 төгрөгийг аваад Л.Эрдэнэ захирлын цагаан өнгийн машинд суугаад тортой 10.000.000 төгрөгийг өгөөд баярлалаа гэж хэлээд явсан. ...”

Л.Эрдэний яллагдагчаар өгсөн “...Гантуяа багш “10.000.000 төгрөг байж болох уу” гэж асуухаар нь “болно” гэж хэлсэн. Тэгээд эргэж холбогдоё гээд яваад буцаж ирээд надад 10.000.000 төгрөг өгснийг аваад 8 шарга валют арилжааны газар очиж солиулаад авч явсан  гэх мэдүүлэг хавтаст хэрэгт авагджээ.

Тэгвэл хахуулийн энэхүү хэрэг нь  мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа /утсаар ярьсан тэмдэглэлүүд/, Хангай хотхоны ... -р байрны хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1 хх 4-8/, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, ... тоот орон сууц, “Шинэ эхлэл” олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирал Лхагвасүрэнгийн Эрдэнийн албан өрөөнд нэгжлэг хийсэн бэлэн мөнгө хураан авсан тэмдэглэл /1 хх 45-63/, Олон улсын хөтөлбөрийн сургалттай төрийн өмчийн “Шинэ эхлэл” лаборатори сургуулийн даргын А/16, А/19 дугаар тушаал /1 хх 49-55/ зэрэг баримтуудаар нотлогдож байгаа юм.

Тиймээс Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Шинэ Эхлэл сургуулийн захирал Л.Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж 10000 /арван мянга/ нэгж буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар, Г.Гантуяаг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж тэдэнд хяналт тавихыг эрх бүхий байгууллагад даалгасан.

Харин энэ шийдвэрийг Л.Эрдэнийн өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрөөгүй тул Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсан. Давж заалдах шатны шүүхээс  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Эрдэнийн өмгөөлөгч Б.Батжаргал, С.Галцацрах нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосон байна.

Хахууль, өгч авах нь ямар нэгэн байдлаар баримт үлдээдэг бөгөөд энэ нь мөрдөн байцаалтаар илэрдэг үйлдэл юм. Тиймээс эрх мэдэл, албан тушаалаа ашиглан бусдаас хахууль авах нь гэмт хэрэг гэдгийг төрийн албан хаагчид анхаарна уу.