Манай улс Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийг анх 2001 онд  баталсан. Харин 2004 оноос албан ёсоор иргэдийг гадаад руу ажиллах хүчээр илгээж эхэлсэн байдаг.

“Өнгөрсөн оны байдлаар албан ёсоор болон албан бусаар гадаадад хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн 1000 гаруй нь БНСУ-д, 400 гаруй нь Япон улсад ажиллаж байгаа. Мөн энэ оны байдлаар 9000 гаруй ажилчин 96 орноос манай улсад хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн судалгаа бий. Үүний 80 гаруй хувь нь БНХАУ-ын ажилчид байгаа юм. Энэ тоо 2016 оныхоос 40 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа” гэсэн мэдээллийг  ХНХЯ-ны Гадаадаас ажиллах хүч хариуцсан ахлах мэргэжилтэн П.Хишигжаргал өгч байв.

Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийг бүртгэж, сонгон шалгаруулдаг. Үүний дагуу өчигдөр БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийн дугаарыг олголоо. Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн болон Орхон, Дархан-Уул аймгийн иргэд http://solongos.hudulmur-halamj.gov.mn-д нэвтэрч, өөрийн мэдээллийг бүртгүүлэх ёстой. Иргэдийн мэдээллийг дахин тулгах учраас оршин суугаа дүүргийнхээ мэдээллийг үнэн зөв бөглөх шаардлагатай юм. Системийн цонхонд “Та бүртгэгдлээ” гэсэн мэдээлэл гарч ирэх ёстой аж.

Харин цахимаар бүртгүүлж, дугаар авсан иргэд өнөөдөр, маргааш хоёр өдөр 21 аймаг, дүүргүүд дээр 08:00-12:00, 13:00-17:00 цагийн хооронд дахин бүртгүүлнэ. Ингэхдээ бүртгүүлэгч өөрийн биеэр очно. Иргэний үнэмлэхээ хуулбарын хамт авчирхаас гадна ТҮЦ машинаас авсан лавлагааг үндэслэх юм. Мөн фотошопоор засварлаагүй 3.5*4.5 хэмжээтэй цээж зураг хоёр хувь, бүртгэлийн хураамж 24 ам.доллар авчирна.

Бүртгүүлэгч 18-39 настай буюу 1979 оны наймдугаар сарын 7-ноос 2001 оны наймдугаар сарын 06-ны хооронд төрсөн байх. Хорих ялтай эсвэл ял эдэлж байгаагүй, өмнө нь Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх ёстой. Түүнчлэн Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байхаас гадна өнгө ялгах чадвартай байх шаардлагыг өнгөрсөн жил нэмж тусгажээ. Тодруулбал, нурууны дисктэй, гарын хуруу дутуу тохиолдолд ажил хийх  чадамжгүй гэж үзнэ. Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д таваас дээш ажиллаагүй байх гэсэн шаардлага тавих аж. Үүний дараа бүртгүүлсэн иргэд энэ сарын 23-наас шалгалт өгч эхлэх юм. Хэрэв бүртгүүлэгч хууль бус үйлдэл гаргавал шалгалтыг хүчингүй болгож, шалгалт өгөх эрхийг гурван жилээр хасах юм байна.

Солонгос руу ажиллах хүч илгээх бүртгэлтэй холбоотой зарим мэдээллийг Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний газрын дарга З.Буянбадрахаас тодруулахад “Манай байгууллага Солонгос руу ажиллах хүч гаргаад 15 жил болж байна. Энэ чиглэлээр Япон улстай хамтран ажиллах асуудал яригдаж байгаа. Энэ жилийн онцлог нь иргэд бүртгүүлэх гэж удаан хугацаанд дугаарладаг байсныг болиулж цахим системд шилжүүлсэн.

Энэ онд Солонгосын хөдөлмөрийн бирж дээр 1900 хүний мэдээллийг байршуулна. Эндээс Солонгосын компаниуд ажиллах хүчээ авна. Жилд дунджаар 800-900 хүн хөдөлмөрийн гэрээгээр тус улс руу явдаг. БНСУ-ын Хөдөлмөрийн биржид нэрээ байршуулна гэдэг сонгон шалгаруулалтад тэнцсэн буюу заавал хөдөлмөрийн гэрээгээр явна гэсэн үг биш. Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд тэнцээгүй эсвэл тус улсад хууль бусаар амьдарч байсан бол хасагдана” гэлээ. 2018 оноос эхлэн Монгол Улсад Сонгон шалгаруулах онооны тогтолцоо хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан өнгөний харалган илрүүлэх тестийг бүртгэлийн үеэр, мөн ур чадварын шалгалтын үеэр авдаг болсон нь иргэдийг үйлдвэрийн осолд орох эрсдлээс урьдчилан сэргийлэх юм. Мөн БНСУ-ын хилээр нэвтэрсний дараа хар тамхины сорилд тэнцээгүй бол нутаг буцна. Эхний шалгалтын хариуг аравдугаар сарын 11-нд цахим хуудаст байршуулах бол эцсийн хариуг арваннэгдүгээр сарын 6-нд зарлах бөгөөд 726 хүн шалгаруулахаар төлөвлөж байгаа аж.

C.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин