“Онч шийдэл” төрийн бус байгууллагын нэхэмжлэлтэй, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригт холбогдох шүүх хуралдаан өнөөдөр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Онч шийдэл”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэ-Очир, Ш.Алтангадас, өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мөнхцоож болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцлоо. Шүүх хуралдааны явцад талуудаас нэмэлт нотлох баримт шаардлагатай гэж үзсэн тул шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар хойшлуулсан байна.

Дашрамд дурдахад, “Онч шийдэл төрийн бус байгууллага нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаар тушаалын хавсралт нэгээр “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл авах эрх олгосон “Газар буудай” ХХК, “Дорнод гурил” ХХК, “Монгол шаазан” ХХК, “Ред стар клуб” ХХК “Тээвэр ачлал” ХХК, “Хүннү” ХХК, “Цэн стайл” ХХК, “Эпато анарваан” ХХК-иудад холбогдох хэсэг, мөн сайдын 2018 оны наймдугаар сарын 24-ний өдрийн А/141 дүгээр тушаалаар “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл авах эрх” олгосон “Баяр плант ХААБ” ХХК, “Доктор мейк” ХХК, “Мондем” ХХК, “Ти Эс Эн” ХХК, мөн сайдын 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн А/21 тоот тушаалын “Түгээмэл түмэн хишигтэн” ХХК, “Их Улс” ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсаныг тус шүүх өнгөрсөн нэгдүгээр 16-нд Захиргааны хэрэг үүсгэсэн байдаг.