Хичээлийн шинэ жил эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдсэн учир Улаанбаатар хот өмнөхөөсөө ч илүү хөл хөдөлгөөнтэй болсон дүр зураг ажиглагдав. Цаашид ч хөл хөдөлгөөн үүнээс ч илүү нэмэгдэж, эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ хичээлийн бэлтгэлийг базааж эхэлнэ.

Дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслээс эхлээд сурагчдад хэрэгтэй, шаардлагатай бүхнийг бэлтгэн өгч, сурах боломж бололцоогоор хангах нь аав, ээжүүдийн үүрэг гэж болно. Гэхдээ ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг тойрсон асуудал тэдний толгойны өвчин болсоор ирсэн. Энэ зовлонг дунд болон ахлах ангийн сурагчид, мөн тэдний эцэг, эх, багш нар сайн ойлгоно.

 

Сурах бичгийн хүрэлцээ хангамж, чанар эдэлгээ, цаашлаад агуулга зэрэгт шүүмжлэлтэй хандаж, үүнийг шийдвэрлэж өгөхийг холбогдох газруудад нь уламжилдаг ч өнөөдрийг хүртэл шийдлээ олоогүй юм. Сурах бичиггүй сурагчдын зарим нь “номгүй” гээд хичээлдээ идэвхтэй оролцдоггүй, гэрийн даалгавраа хийдэггүй бол нөгөө хэсэг нь боломжит бүх аргаа ашигладаг.

 

Харин багш нарын сурагчдыг “номгүй” гэдэг тайлбар хэлж, зүгээр суулгахгүйн тулд тухайн сурах бичгээс судлах бүлэг, хэсэг, улмаар гэрийн даалгаврын дасгал ажил зэргийг хувилан тараах зэрэг янз бүрийн арга ашиглаж хичээлээ заадаг. Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн 40 гаруй сурагчтай нэг ангид хичээлийн ном гарын арван хуруунд багтахаар цөөхөн байдаг бол орон нутгийн, ялангуяа алслагдсан сумдын-сургуулиудад 1-2 ширхэг байх жишээтэй. Тэгвэл энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор энэ намраас. сурагчид хичээлийн сурах бичгээ төлбөр төлж ашиглах журмыг БСШУСЯ-наас баталжээ. Тодруулбал, багш, сурагч, эцэг, эхчүүдэд тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх үүднээс шинэ үйлчилгээг нэвтрүүлэхээр болж, журмыг нь баталсан байна. Ингэхдээ улсаас бага ангийн бүх сурагчийг, дунд болон ахлах ангийн сурагчдын 40 хувийг сурах бичгээр үнэ төлбөргүй хангадаг зохицуулалтыг хэвийн үргэлжлүүлэх юм. Энэ зохицуулалтыг 2009 оноос эхлэн хэрэгжүүлсэн байдаг. Тодруулбал, ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, багш нар нийгмийн зорилтот бүлгийн сурагчдаа тодорхойлж тэдэнд сурах бичгийг үнэ төлбөргүй ашиглуулдаг бол үлдсэн 60 хувь нь зах зээл дээрээс сурах бичгээ худалдан авдаг тогтолцоотой явж ирсэн. Иймд энэ 60 хувийнханд зориулж дээрх шийдвэрийг гаргасан байна.

 

ТҮРЭЭСЭЭР АШИГЛАЧИХААД БУЦААН ОЛГОХ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОНО

 

Сурах бичгийг 2009 оноос хойш өнөөг хүртэл 1200-5000 төгрөгийн үнэтэйгээр худалдаалж буй. Дунд болон ахлах ангийн нэг сурагч бүх хичээлийнхээ сурах бичгийг худалдан авахад дунджаар 50-60 мянган төгрөг болдог. Үүнийг харахад харьцангуй боломжийн мэт боловч хамгийн гол нь зах зээл дээр энэ үнээр борлуулдаггүй. Тиймээс нэг гэр бүлээс хоёр болон түүнээс дээш хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй тохиолдолд өндөр үнэтэйд тооцогдоно. Гэсэн ч эцэг, эхчүүд ийм үнээр ч сурах бичиг худалдан авч чаддаггүй. Учир нь, номын бизнес эрхлэгчид сурах бичгийн үнийг нэмж, дамлан худалдахын сацуу зохиомол хомсдол үүсгэдэгт гол учир бий. Үүнээс үүдэлтэй олон хүндрэл бэрхшээл бий болдог. Тухайлбал, сурах бичиггүйгээс болж хүүхдийн сурах хүсэл эрмэлзэл буурдаг байна. Хүүхэд эдийн засгийн хувьд аав, ээжээс хараат байдаг учраас тэд хүсэлдээ нийцүүлж худалдан авалт хийх боломжгүй.

 

Харин олонх эцэг, эх гол, чухал гэсэн 2-4 хичээлийн сурах бичгийг авч өгдөг тал бий. Гэтэл ерөнхий боловсролын сургуульд судалж буй бүх л хичээл сурагчдад хэрэгтэй, чухал гэдгийг багш, мэргэжилтнүүд тодотгодог. Тиймээс сурагчид сурах бичгийг зах зээлээс худалдан авахыг болиулж, Монгол Улсын Засгийн газраас 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нэгдүгээр улиралд “Сурах бичгийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол”-ыг гаргасан байдаг.

 

Үүнтэй холбогдуулан БСШУС-ын байдын тушаалаар “Сурах бичгийг төлбөртэй ашиглуулах журам”-ыг гаргаад байгаа юм. Энэхүү журамд зах зээл дээрээс сурах бичгээ худалдан авдаг сурагчдын тоогоор хэвлэж, сургуулийн номын сангаар дамжуулан хүүхэд бүрт сурах бичгийг багцаар нь олгохоор тусгажээ. Ингэснээр хүүхдүүд хичээлийнхээ сурах бичгийг ашигласны тодорхой хувийн төлбөр төлж, буцаан сургуулийн номын сандаа тушаах бөгөөд дараагийн сурагч түүнййг дахин ашиглах тогтолцоо руу шилжих аж.

 

ТҮРЭЭСИЙГ СУРАХ БИЧГИЙН ҮНИЙН ДҮНГИЙН 40 ХУВИАС ХЭТРҮҮЛЭХГҮЙ

 

Сурах бичгийн төлбөр тухайн номын үнийн 40 хувиас хэтрэхгүй байхаар журамд тусгасан байна. Өөрөөр хэлбэл, 1200 төгрөгийн сурах бичгийг номын сангаас авч ашиглахдаа 500 орчим төгрөг төлөх аж. Учир нь, сурагчид 2019-2020 оны хичээлийн жилд шинэ сурах бичиг ашиглах учраас ийм байдлаар тогтоожээ. Харин хоёр дахь болон дараагийн жилүудэд дээрх буурах юм байна сурах бичгийг дөрвөн жил ашиглахаар тооцоолдог учир номын түрээсийн мөнгөөр сургуулиуд сан үүсгэн дараагийн жилд акталсан номыг нөхөж, шинээр сурах бичиг захиалахад зарцуулах аж. Дээрх тогтолцоогоор сурагчдыг сурах бичгээр хангахад ойролцоогоор найм орчим тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан бөгөөд энэхүү эх үүсвэрийг бүрэн шийдвэрлэсэн байна. Тодруулбал, олон улсын донор байгууллагуудын тусламжтайгаар шийдвэрлэж, одоогоор худалдан авах ажиллагаа эхлүүлжээ. Ингэснээр ирэх сарын эхний хагас гэхэд төлбөртэй ашиглуулах 60 хувийн сурах бичгийг ерөнхий боловсролын сургуулиудад тараасан байхаар төлөвлөн ажиллаж буйг БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир мэдэгдлээ. Тэрбээр бага ангийн нөхөн хангалтын болон дунд ангийн зорилтот бүлгийн сурагчдын 40 хувьд олгох сурах бичгийг орон нутагт хүргүүлсэн гэдгийг тодотгосон. Харин ахлах ангийн сурагчдын 40 хувьд олгох сурах бичгийг энэ сарын 15-нд орон нутагт хүргүүлэхээр төлөвлөжээ. 2019-2020 оны хичээлийн жилд урьдчилсан тооцоо судалгаагаар 640 орчим  мянган хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцах аж. Тиймээc салбар яамны зүгээс 640 мянган хүүхдийн тоогоор сурах бичгийн захиалсан байна. Гэхдээ шилжилт хөдөлгөөн зэрэг тодорхой шалтгааны улмаас хичээлийн шинэ жилийн үеэр зарим сургуулийн сурагчдын тоо эрс нэмэгддэг тул энэ талаар журамдаа тодорхой тусгажээ.

 

ЗАРИМ СУРАХ БИЧГИЙН АГУУЛГЫГ САЙЖРУУЛАН ХЭВЛЭНЭ

 

Өнгөрсөн жилийн тухайд сурах бичиг оройтож хэвлэсэн, ахлах ангийнхан зарим хичээлээ сурах. бичиггүй үзсэн эх зэрэг шүүмжлэл багагүй өрнөсөн. 2018-2019 оны хичээлийн жилд 24 нэр төрлийн сурах бичиг шинээр хэвлэх төлөвлөгөөтэй байсан бөгөөд үүний найм нь XII, гурав нь тусгай хэрэгцээт боловсролынх, багшийн нэг, үлдсэн нь VI, VII ангийн уран зохиол, монгол хэл, бичгийн сурах бичиг байжээ. Эдгээр сурах бичгийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхээр хэвлүүлж, сургуулиудад хүргүүлсэн байна. Тэгвэл 2019-2020 оны хичээлийн жилд ийм байдал давтагдах вий гэсэн болгоомжлол багш, эцэг, эх, сурагчдын дунд үүсээд байна. Үүнд БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир “Ерөнхий боловсролын сургуулийн 4-12 дугаар ангид өнгөрсөн жилээс Эрүүл мэндийн хичээлийг оруулж эхэлсэн. Үүнтэй холбоотой энэ жил эрүүл мэндийн хичээлийн сурах бичгээс гадна эх хэл буюу казак хэл дээрх 2-3, мөн тусгай хэрэгцээт боловсролтой холбоотой зарим сурах бичгийг сайжруулан хэвлүүлж байна. Харин бусад сурах бичгийг хуучин хэвээр нь ашиглана’’ хэмээн хариуллаа.

С.Юмсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин