Улс төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн, гүйцэтгэсэн ажлын журам зөрчсөн хэргээр Б.Хурц нарын 9 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шүүхэд шилжүүлээд байгаа билээ. Энэхүү хэргийн шүүх хурал ирэх даваа гаригт буюу энэ сарын 12-нд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхэд болох юм.

Тэгвэл шүүх хуралд Хууль зүй, Дотоод хэргийн сайд болон бусад гишүүд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Тодруулбал, Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хороог УИХ-аас байгуулсан. Тус хороог УИХ-ын гишүүн Ж.Батзандан ахалдаг бөгөөд гишүүдээр нь УИХ-ын гишүүн Л.Болд, Х.Нямбаатар, А.Сүхбат, Я.Санжмятав, Ө.Энхтүвшин нар ажилдаг юм. Тэд ирэх даваа гаригт болох Б.Хурц нарын шүүх хуралд оролцох хүсэлтээ Төв аймгийн шүүхэд гаргасан байна. Хорооны гишүүдийн зүгээс шүүх хуралд хөндлөнгийн ажиглагчаар оролцох хүсэлтэй байгаа ажээ.