Хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг хангах ажлын хэсгийн хуралдаан болжээ.   Тэд элсэлт, бүртгэлийн ажлын явц, замын хөдөлгөөний нягтралыг сааруулах чиглэлээр хийгдэх ажлын төлөвлөгөөг ярилцсан юм.

Цэцэрлэгт орох 28181 хүүхэд бүртгэгджээ

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “2019-2020 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдыг тавдугаар сарын 13-27-ны өдрүүдэд  бүртгэсэн. Дахин бүртгэл энэ сарын 21-30-ны хооронд явагдана. Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн бүртгэлийг долдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн наймдугаар сарын 22-ны өдрийг дуустал цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Цахим бүртгэлд энэ сарын 15-ны өдрийн байдлаар 28181 хүүхэд бүртгэгдсэн байна гэлээ.

2019-2020 оны хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэж болзошгүй 18 сургууль байна.

Түүнчлэн энэ хичээлийн жилд 23 сурах бичиг шинээр хэвлэгдэх аж. Эдгээр сурах бичгүүд есдүгээр сарын 15-нд сурагчдын гар дээр очихоор төлөвлөгдсөн. Дүрэмт хувцасны дундаж үнийн хувьд бага анги  60-70 мянга, дунд анги 90-100 мянга, ахлах ангийн сурагчдынх 120-130 мянган төгрөг байна.

Сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний бүтэц батлагдаж бүх сургуулиудад тараагдсан бөгөөд шинэ хөтөлбөр төлөвлөгөөний дагуу 44,000 мянган багшид энэ сарын 27-30 -ны хооронд сургалт явуулах аж. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд он дамжин 92 сургууль, цэцэрлэгийн барилга баригдаж байна.

Улс, нийслэл, дүүрэг, орон нутгийн хөгжлийн сан, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр 2019 онд нийслэлийн нийт 83 сургууль, цэцэрлэгт 5.3 тэрбум төгрөгийн их засварын ажил хийгдэх төлөвлөгөө батлагдан хэрэгжиж байгаа юм байна.

Нийтийн тээврийн тоог нэмэгдүүлнэ

Тээврийн цагдаагийн албаны ЗЦГ-ын замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга Б.Батболд “Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчимд шаардлагатай тэмдэг тэмдэглэгээний судалгааг гаргаж холбогдох албаныханд өгсөн. Замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг учраас зарим хөдөлгөөнийг нэг чигийн урсгалтай болгосон. Цаашид замын хөдөлгөөн ихтэй байршлуудад судалгаа хийж байна ” гэлээ. Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Х.Булгаа “Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан есдүгээр сарын 1-нээс өмнө хүүхдийн автобусны үзлэг оношилгоог хийж байна. Энэ сарын 20-ноос нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэх ажлыг хийхээр судалж байна” гэв.

Үдийн цай хөтөлбөрт шалгалт хийнэ

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын ахлах мэргэжилтэн Т.Улзмаа“Боловсролын хяналтын чиглэлээр хоёр үе шаттай хяналт шалгалтыг гүйцэтгэнэ. Энэ сарын 16-наас ирэх сарын 03-ны өдрүүдэд боловсролын байгууллагын барилга байгууламжийн засвар үйлчилгээ, гадна талбайг тохижуулсан байдал, багшийн хүрэлцээ хангамж, хамран сургах хүүхдийн тоо хамрагдалтын хувь, анги дүүргэлтийн урьдчилсан төлөв байдал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцах нөхцөл боломж бүрдсэн эсэх шалгалтыг эхний ээлжинд хийнэ.

Дараагийн шалгалт нь энэ сарын 26-наас ирэх сарын 16-ны өдрүүдэд сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол хүнсний хангамж, нийлүүлэлт болон Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлсэн байдалд хяналт шалгалт хийнэ” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn