УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс зарим зүйлсийг тодрууллаа.


-Нийгмийн анхаарлын төвд байгаа Б.Хурцын шүүх хурал зургаан өдрийн турш үргэлжилж байна. Шүүх хурлын талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Би хөндлөнгөөс шүүх хурлын явцад дүгнэлт хийх эрхгүй хүн. Миний мэдэж байгаагаар 1990 оноос хойш олон жагсаал болж байсан. Ихэвчлэн хүнийг шоронгоос сулла гэж жагсаж байсан. Тухайлбал, миний санаж байгаагаар Н.Энхбаяр даргын жагсаал байна. Үхлийн шар цэцгийг шүүх рүү шидэж байсан жагсаал. Харин энэ удаагийн Төв аймагт болж байгаа жагсаалыг харахад хамгийн их гайхаж байгаа нь хүнийг шоронд хий гэдэг жагсаал байна. Хохирогчдын хоёр хөгшин энийг мэдэж байгаа юм уу, үгүй юу мэдэх юм алга. Үнэндээ Содномдаржаа, Чимгээ нарыг суллах шүүх хурал биш. Зөвхан мөрдөн байцаалтын явцад алдаа гарсан уу, үгүй юу гэдгийг шалгаж байгаа. Үнэхээр суллуулахыг хүсч байгаа бол Ерөнхийлөгч Х.Баттулгын гадаа жагсах хэрэгтэй. Яагаад гэвэл Ерөнхийлөгч ямар ч асуудлаар уучлал үзүүлдэг Үндсэн хуулийн бүрэн эрхтэй. Тэгээд ч гэмт хэрэг хийгээгүй хүнийг шоронд хорьж болохгүй. Сулласны дараа гэм буруутай үгүй, цагаатгах ёстой үгүйг, эсвэл эрүүдсэн эрүүдээгүйг ярих ёстой. Энийг Батзандан маш сайн мэдэж байгаа. Ж.Батзандан хэвлэлийн хурлаа Ерөнхийлөгч рүү яагаад хаяглахгүй байгаа юм. Зөвхөн Тагнуулын ерөнхий газрын дарга байсан хүнийг шоронд хийхгүй бол жагсана гээд байх юм. Гэм буруутай, үгүйг шүүх шийднэ. Шоронд оруулахгүй бол тэмцэнэ гэдэг ямар ардчилсан нийгэм байх вэ. Үндсэн хуульд хүмүүнлэг, энэрэнгүй гэдэг үг байдаг биз дээ. Ямар ч Их хурлын гишүүн хүн хүмүүнлэг, энэрэнгүй зарчмыг дагаж бүх хүмүүст тэгш хандана гэсэн тангараг өргөдөг. Энэ үүднээс жагсаалын утгыг харахаар бухимдмаар санагдаж байна.

-Та тэр хүмүүсийг гэмт хэрэг хийсэн гэж бодож байна уу. Эрүүдэн шүүх нь буруу биз дээ?

-Та наад асуултаа ҮАБЗ-ийн гурван гишүүнээс асуусан нь зөв байх. Гүйцэтгэх ажлын материал гэж юм бий. Маш нууц хурал учраас гүйцэтгэх ажлын материалыг харсан гурван хүн хэрэг хийсэн, үгүй дээр багцаа байгаа. Мэдээж энэ хүмүүс хэрэг хийчихсэн байгаасай гэж би бодохгүй байна. Хамгийн инээдэмтэй нь энэ жагсаж байгаа нөхдүүд бүгд миний таньдаг хүмүүс. Бүгд ардаа эзэдтэй. Н.Алтанхуяг, Н.Энхбаяр дарга, Х.Баттулгын цэргүүд байна лээ. Би тэдэнд битгий хүн амины хэргээр улс төр хийгээч гэж зөвлөмөөр байна. Харамсаад байгаа зүйл нь мөрдөн байцаах нууц ажилтнаар зургаан сар хамт амьдарсан нууц тагнуулын ажилтанг шүүх хуралд оруулсан тухай сонслоо. Энэ үнэн бол жинхэнэ Монгол төрийн эмгэнэл. Цаашдаа энэ асуудал одоогийн тагнуулын даргаас эхлээд нэлээд олон хүнийг хамарсан юм дуулгах биз дээ. Өнөөдөр Монгол төрийн системд их санаа зовж байна. Монгол төр өөрийн гэсэн түүхтэй. Дэлхийн ямар ч оронд тагнуулын байгууллагаараа шоу хийж бүхэл бүтэн системээ шүүх хурал гэдэг нэрээр далимдуулан Хятад болон томоохон улс оронд тайлбарлаж, тайлагнаж байгаад харамсаж байна. Магадгүй шүүх хурал хаалттай болж байна гэж бодож байгаа. Гэтэл хаалттай шүүх хурал чинь дотоод мэдээллээ задлаад байгаа биз дээ. Төрийн маш нууц мэдээллээр шүүх хурал хийнэ гэдэг тоглоом биш.

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөөр Шүүх засаглалыг өөрчлөх боломж бий юу?

-Үндсэн хуульд оруулах, нэмэлт өөрчлөлт бараг бүтэхгүй байх.

-Яагаад?

-Гишүүд ганцхан зүйл дээр санал нэг байсан. Харамсалтай нь МАН бүлэг зургаан өдөр хуралдахад яаж ч чадахгүй байгаа биз дээ. Цаашдаа ямар нэгэн гацаа гарахыг мэдэхгүй байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх сүр болоод л мэдэгдэл хийдэг. Мэдэгдэл хийх болгонд нэг зүйл болчихсон байдаг. Миний бодож байгаагаар дотроо Үндсэн хуулийнхаа тохироог хийж чадахгүй байгаа учраас Ерөнхийлөгчийн хэл гэсэн үгийг дамжуулж байгаа биз. Түүнийгээ олон нийтэд гаргадаг. Сонсоход их гоё. Олигархуудтай тэмцэх ёстой гэдэг нь үнэн. Тост, Тосон бумбыг анх тусгай хэрэгцээнд авсан хүн нь би. 2014 онд энэ сэдвээ гаргаж тавиад тусгай хэрэгцээнд авсан. Үүний уршгаар нь төрөөс өндөр албан тушаал хаших эрхгүй болчихсон. Яагаад гэвэл олигархууд байгаа. Өнөөдөр /өчигдөр/ Ерөнхий сайдын ам нь халаад нэлээн юм ярьсан. Энэ хүний хэлснээр сайдууд нь толгойгүй болчихсон. Эхлээд өмхийгөө арилга гээд Баделханд хэлсэн. Одоо гэтэл өмхий нь ч байна. Толгой нь ч байна. Улаан сайдыг махны үнэ буулга, үгүй бол толгойтой чинь ярина л гэсэн. Улааны толгойгоор бид яах юм. Махны үнэ буурахгүй. 21 аймагт махны үйлдвэр байгуулчихсан. Махны үйлдвэр ажилчдаа цалинжуулах ёстой учраас янз бүрийн аргаар мах худалдаж авна. Нэг хүний толгой байтугай нэг ялааг бяц цохиж чадахгүй хүн шүү дээ. Хоосон ам. Гэтэл хэлснийг нь харанхуй масс нь алга ташиж хүлээж авч сохроор итгэж буй жишээтэй.

-МАНАН, мафитай тэмцэж байна гэдэг. Уул уурхайн олборлолттой ч тэмцэж байгаад ард түмний дэмжлэг хэрэгтэй байх?

-За яахав. МАНАН, мафитай тэмцэж байна л гэдэг. Ингэж хэлэхээр нь инээд хүрдэг юм. Өөрөө өөрсөдтэйгөө тэмцэнэ гэж юу яриад байгаа юм. Анх МАНАН-г Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр байгуулсан. Ерөнхий менежерээр нь АН-аас Х.Баттулгыг, МАН-аас Бадамжунай байсан. Нэг нь одоо МАН дотроо нөлөө бүхий менежерээ хийгээд явж байна. Нөгөө нь Ерөнхийлөгч болчихсон. Ерөнхийлөгч болохоор МАНАН-гийн зарчмаар хүчтэй толгойлогч болох ёстой учраас нөгөө хэддээ хамаг муу муухайгаа үүрүүлэх гэж байгаа жүжиг. Жишээлбэл, Сайханбилэг, Баяр, Баярцогт эдэндээ хамаг муухайгаа үүрүүлж байгаа. Хамгийн хошин шог нь шоронд тохиролцож орсон гэж боддог. Хамгийн сүүлийн жишээ хэлэхэд ЕТГ-ын дарга З.Энхболд нээх том шүүгч болоод том том ярьсан. Ядаж байхад С.Баярын Жаран бутархай номын араас шүү. Гэтэл ганцхан тайлбар өгөөд цаадах чинь юу болов. Иймээс хулгайч хүмүүс хувьсгал хийдэггүй юм гэж би яриад байгаа юм. Тиймээс 2020 онд зөв сонголт хийх ёстой. Өөрөөр хэлбэл 2020 онд одоогийн төрд байгаа хулгай хийсэн хүмүүс, тэдний гарт барьцаалагдсан хүмүүсээс нэн яаралтай салах хэрэгтэй. Өнөөдөр У.Хүрэлсүх хүн амины хэрэгт холбогдсон, хүчин хэрэгт холбогдсон, концесс, 49 ЖДҮ-гийн хулгайчдыг хүлээн зөвшөөрч зарлалаа. Зарлуулсан хүмүүс өөрт нь дуртай байхгүй нь ойлгомжтой. Магадгүй Засаг огцрох ч юм бил үү. Үүнийгээ мэдээд тэр хүн цурам тавьсан төдий болохоос биш хэзээ ч бохир зүйлээ засах гэж яваагүй, явах ч үгүй. Би МАН-ыг маш сайн мэднэ. 2016 онд М.Энхболд ялчихаад өрөөнд нь уулзах гээд хүлээгээд зогсож байхад одоо том дуугардаг жоохон хүүхдүүд үүднээс нь эхлээд сөгдөн мөргөж ах аа гэж гүйдэг байлаа.

Энэ зарчмаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд тэр хүндлэлийг авч байгаа байлгүй дээ. Харамсалтай нь тэд хэнийг ч унагаадаггүй, унаж байгаа дээр нь өшиглөдөг хүмүүс. Би ийм зүйлд дургүй.