Монгол улсад БНСУ-д суух Элчин сайдын яамнаас тус улсад зорчих визний журамд орсон өөрчлөлтийг хэвлэлийн хурал хийж танилцууллаа.

БНСУ-д зорчиход таван сая төгрөгийг байршуулдаг журмыг цуцалж байгаа аж. Үүний оронд сүүлийн зургаан сарын дансны хуулгаа баримтаар баталгаажуулахыг шаардах юм байна. Мөн визний хариуг гурван сард олгож байсныг богиносгож хоёр долоо хоногийн хугацаанд хариуг өгөхөөр ажиллана гэж  БНСУ-ын Элчин сайдын яамнаас мэдэгдлээ.

Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөнгийн урилгаар БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөделгөөний албаны дарга Ча Гюү Гын тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилсан юм. Энэ үеэр Ча Гюү Гын тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгч X.Баттулга, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт бараалхаж, яриа хэлэлцээ хийсэн байна.

Эдгээр айлчлал, уулзалт арга хэмжээний үр дүнд БНСУ-ын виз мэдүүлж буй монгол иргэдэд тулгарч буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр дараах шийдвэрийг 2019.09.02-ны өдрөөс эхлэн хэрэгжүулж эхлэхээр тогтлоо. Үүнд:

  • БНСУ-ын ЭСЯ-ны визийн материал шалгах үүрэг бүхий консулын орон тоог 2-оор нэмэх /Наймдугаар сард багтан ажилдаа орно/
  • Виз мэдүүлэхэд байршуулж буй 5 сая төгрөгийн барьцаа байршуулах шаардлагыг цуцлах
  • БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй монгол иргэдийн гэр бүл /эхнэр, нөхөр/-ямар нэг мөнгөн барьцаа, нэмэлт шаардлага тавихгүйгээр сүүлийн 6 сарын хугацаанд гэр бүлдээ шилжүүлсэн мөнгөн гуйвуулгын хуулгыг хавсарган өгсөн тохиолдолд 90 хоногийн виз олгох
  • БНСУ-д визийн хугацааг хэтрүүлэх магадлал багатай, тус улсад өмнө нь хууль ёсоор зорчиж байсан иргэд болон төрийн албан ажлаар зорчих иргэдийн виз мэдүүлгийг яаралтай горимоор хянаж 10 хоногийн дотор шийдвэрлэх зэрэг болно.

Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн “БНСУ-д 6700 монгол иргэн тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна. Гэрээгээр ажиллаж байгаа иргэдийн ар гэрийнхнийг хүндрэлгүйгээр тус улсад зорчуулах талаар хүсэлт тавьсан. Солонгосын Цагаачлалын алба визийн талаар барьж буй бодлогоо зөөлрүүлж, журамдаа өөрчлөлт оруулж байна” гэлээ.

Эргэн мэдээлэх болно.