Монголын нэг өдөр үргэлжилсээр намартай золголоо. Зуны дэлгэр цагт хөөрч баяссан үрсийн минь харцанд гуниг хурчээ. Учир нь тэд цэцэрлэгт орох сугалаандаа тэнцсэнгүй. Ах дүүсдээ азтай,  азгүйгээр дуудуулж явна.

Өглөө ард түмнийхээ унаанд суухад "Бид хоёр цэцэрлэгтээ овоо тэнцчихсэн. Одоо шинжилгээгээ өгөх гээд явж байна. Харин нөгөө ахын хүүхэд л орж чадсангүй. Тэр хэд танил хүн хайгаад явж байна гэсэн. Хэдэн төгрөгийг нь өгөөд гуйчихна гээд байгаа. Тэгвэл бид хэд ажилдаа орж санаа амрах гээд байна" хэмээн хоёр ойтой болов уу гэмээр охиныг дагуулсан 25 орчим насны эмэгтэй утсаар их л баяртайгаар хэн нэгэнтэй ярив. 

Хажууханд нь суух настангын утас нь дуугарахад "Өө ороогүй ээ. Одоо 3 настай тэгсэн нөгөө цэцэрлэгт нь орон тоо байхгүй гэнэ. Түрүү жил сугалаандаа азгүй байсан болохоор энэ жил оруулах санаатай бүртгүүлэхэд болж өгдөггүй. Тэгээд аав нь цэцэрлэг дээр нь очиж уулзахад 3 настай хүүхдийн ангид орон тоо байхгүй гэсэн юм байх" гэх нь тод сонсогдлоо. 

Нийтийн тээвэрт зорчиж явахад амьдрал буцалж байдаг гэж энэ дээ. Миний хүрээллийн 3 настангууд мөн цэцэрлэггүй үлдсэн. Учир нь энэ насны хүүхдүүд түрүү жил хоёр настай бүртгүүлээд аз нь гийж сугалаагаараа орчихсон. Тэгээд анги дүүрчихсэн учраас орон тоо байхгүй. Иймд дахин нэг жил сурч, хүмүүжих эрхээ хасуулж байгаа юм.

Улсын цэцэрлэгт хоёр настай хүүхдийг сугалаагаар оруулдаг болоод хэдэн жилийн нүүрийг үзчихлээ. Гэтэл дарга нар нь жийп хөлөглөж, албаны машинаараа үр хүүхдээ эрхлүүлж наадуулсаар байгаа талаар өдөр бүр чих дэлсэх болсон. Энэ цагт албаны машинаа жижиг тэрэг болгоод "хүүхдийн цэцэрлэг ганцыг ч босгох" санаа битгий хэл бодол ч алга. Уг нь хүсэл эрмэлзлэл байвал том машинаас татгалзаад хүүхдийн цэцэрлэг барьчихсан үлгэр жишээ төрийн албыг хашдаг дарга байна. Эргэн сануулахад, Төв аймгийн Борнуур сумын Засаг даргаар Б.Ууганбаяр. Түүнийг сумын Засаг дарга болоход аймгаас нь машин ав гэж төсөвлөсөн 45 сая төгрөгөөс татгалзсан гэдэг. Ингээд уг мөнгөний зориулалтыг нь хүүхдийн цэцэрлэг болгон өөрчлүүлээд төсвөөс нэмж 140 саяыг гаргуулж, өөрөө гүйж байж Тайванийн хөгжлийн сангаас 45 сая төгрөгөөр цэцэрлэгийн бохирын асуудлыг шийдүүлсэн байна. Ингэж орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн 75 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг Борнуурт үүдээ нээж, арван хүн байнгын ажлын байртай болгосон. 

Тун удахгүй эхлэх хичээлийн шинэ жил болох гэж байхад 36 мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чадалгүй үлдлээ.

Манай улсын хувьд цэцэрлэгийн насны 312.802 хүүхэд бий. Үүнээс энэ жилд 275.809 хүүхэд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хамрагдана гэх тооцоо гарсан байна. Сугалаа гэх зүйлээс болж олон мянган хүүхэд цоожтой хаалганы цаана үлдэж, үндсэн хуулиар олгогдсон "сурч боловсрох" эрхээ хасуулсаар байгаа нь харамсалтай бөгөөд эмгэнэлтэй. Төрд суугаа эрхэмүүдийн сонгуулийн амлалт гурван жилд хэрхэн хэрэгжсэн нь үүнээс тодоос тод харагдаж байна. Тэд цэцэрлэгийн багтаамжийг хэд дахин нэмэгдүүлнэ хэмээсэн ч өнөөдөр цэцэрлэгийн хашааны цаана үй олноороо доголон нулимастай үлдсээр...