Захирагчийн ажлын алба, Агаарын бохирдолтой тэмцэх газар, Авто замын хөгжлийн газар зэрэг нийслэлчүүдийн өдөр тутмын ажил амьдралтай холбоотой үйл ажиллагааг хариуцдаг нийслэлийн харьяа агентлагийн зарим албан тушаалтнуудтай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар шуурхай хуралдаан өнгрсөн сарын 30-нд боллоо. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа ажил, төсөл хөтөлбөрүүдийн хувьд болж бүтэж байгаа зүйл цөөнгүй байгаа. Гэвч шийдвэрлэгдэхгүй удаж байгаа, хугацаа алдаж байгаа, гаргасан шийдвэр ажил болох тал дээр үр дүн муутай байгаа ажлууд цөөнгүй байна. Асуудал байгаа бол тодорхой хэлэх хэрэгтэй. Та нөхөд ажил хийх, хэрэгжүүлэх бүх боломжоор хангагдсан. Өөрсдийн чадах, боломжтой байгаа хүрээндээ асуудлаа түргэн шуурхай шийдэж ажиллах ёстой. Бүх асуудлыг хот шийднэ гэж харж сууж болохгүй. Нийгмийн хариуцлагын хүрээнд аж ахуйн нэгжүүд агаарын бохирдлыг бууруулах ажилд идэвхи санаачлагатай оролцох ажлыг илүү ѳргѳн хүрээнд зохион байгуулах. Шат шатандаа ажлын хариуцлагыг өндөр ухамсарлаж, хариуцсан ажилдаа эзний ёсоор хандахгүй байна. Тодорхой хугацаанд доривтой үр дүн гаргаж ажиллахад сэтгэл дутаж байна. Хариуцсан ажилдаа удаа дараа хариуцлага алдаж, нийслэлийн ажлыг гацааж байгаа зарим газрын дарга нарыг өнөөдөр үүрэгт ажлаас нь чөлөөлнө. Нийслэлчүүдийн хувьд том шалгуур болсон өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, айл өрх бүрт сайжруулсан шахмал түлшийг түгээх, борлуулах, мэдээлэл зөвлөмжөөр хангах ажлыг удаа дараа хангалтгүй зохион байгуулж байгаа Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга болон хүйтний улирлаас өмнө зам, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж чадахгүй байгаа, салбарын ажилдаа хангалттай хэмжээнд хяналт тавьж ажиллаж чадахгүй байгаа Авто замын хөгжлийн газрын дарга нарыг албан үүргээс нь хүлээлгэж өгөх шийдвэрийг гаргаж байна. Цаашид ажил хариуцсан албан тушаалтнууд цаг хугацаатай уралдаж хийгдэж байгаа төсөл хөтөлбөрүүдэд онцгой анхаарч, хяналтаа тавьж ажилла” гээд холбогдох албан тушаалтнуудыг хариуцсан ажлаа төлөвлөсөн хугацаанд хариуцлагатай хийж хэрэгжүүлэхийг хатуу анхааруулж, цаашид эрхэлсэн ажилдаа хариуцлага алдсан албан тушаалтнуудтай үргэлжлүүлэн хариуцлага тооцож ажиллахаа мэдэгдлээ.