Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.09.02-06-ны өдөр нийт 1127 дуудлага мэдээлэл хүлээн авсан байна. Үүнээс 740-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.  Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 28 хүн гэмтэж 8 хүний амь нас хохирсон байна. Үүнээс 6  хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтсэн аж.

Ноцтой зам тээврийн ослуудаас дурьдвал:

2019.09.03-ны өдөр 19.00 цагийн орчимд Дундговь аймгийн Адаацаг сумын 5-р багийн нутаг “Баруун булаг” гэх газар /Сумын төвөөс баруун урагш 5 км-т/ шороон замд Даун  маркийн улсын дугааргүй Н жолоочтой мотоцикл  онхолдож, жолооч 44 настай, эрэгтэй Н нас барсан.

2019.09.02-ны өдөр 12.20 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан сумын 1-р баг “Шаварт” гэх газарт / сумын төвөөс баруун тийшээ 15 км/ асфальтан замд Тоёота Приус маркийн автомашины жолооч Мустанг-5 маркийн  улсын дугааргүй Б жолоочтой мотоциклтой мөргөлдөж,  мотоциклийн жолооч  44 настай, эрэгтэй  Б нас барсан гэх мэт ослууд бүртгэгдсэн байна.

Явган хүнийг гарцгүй газраар зам хөндлөн гарч байгаад зам тээврийн осолд өртсөн тохиолдол 5, гарцаар гарч байгаад автомашинд мөргөгдөж гэмтсэн  тохиолдол 4 бүртгэгдсэн байна.

Энэ 7 хоногт хүн гэмтсэн нийт ослыг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж  гэмтээх хэлбэрээр 10, мөргөлдөх хэлбэрээр 3, нийтийн тээврийн хэрэгсэлд унаж гэмтэх 1, унадаг дугуйтай хүн мөргөх хэлбэрээр 1 тус тус бүртгэгдсэн байна.