Цалин буулаа. Дэлгүүр орлоо. Цалингаас цалингийн хооронд хөргөгч хоосрох жишиг монгол айл бүрт үйлчилнэ.

Тэр жишгийг дагаж, хөргөгчөө дүүргэж чаддаггүй юм гэхэд хагас хугасыг нь ч болов “битүүлэхийг” хүсэв. Нэг кг будааны үнэ 2800 төгрөг болж. Саяхандаа 1500 төгрөг байсан. Бүр жилийн өмнө 1000 төгрөг л байв. Тэгж бодсон чинь бухимдав. Гэсэн ч инээв. “Сайхан хоол хийнэ дээ” гэж бодоод л тэр. Давс авав. Саяхан л нэг уут давс 100 төгрөгөөр авдаг байсан чинь 600 төгрөг болчихож. Дахиад л уур хүрэх нь. Дахиад л тэсэв. “Давсгүй хоол муухай” гэж бодоод энэ. Мах руу эргэлээ. Нэг кг мах 6800 төгрөг. Гэхдээ хамгийн хямд нь. Бүр тэсэхгүй нь ээ. Гэвч сэтгэлээ барилаа. “Хаврын цагт мах идэх хэрэгтэй” гэж өөрийгөө хуурав. Ингэж л би уур бухимдлаа дарж, сайн сайхан юм бодож амьдарч байна даа.

Үүнд сургасан их багш минь тун том хүн. Түүнийг Н.Батбаяр гэдэг. Олон нийт “Фортуна” гэдгээр нь тун сайн мэднэ. Албан тушаал нь Эдийн засгийн хөгжлийн сайд. Монгол Улсыг хөгжүүлнэ чиг, мандуулна чиг, бишрүүлнэ чиг гэдэг уриатай. Тэр гайхалтай ухаантай хүн. Газар тэнгэр нийлж, дэлхий ертөнц сүйрч байсан ч сайныг бодож, сайхныг сэтгэ гэж зөвлөдөг өгөөмөр сэтгэлтэн. Ийм хүн төрд гарна гэдэг туйлын тааламжтай. Мань мэт аяга хоолныхоо төлөө ажиллаж байхад тэрбээр төрийн төлөө ажилладаг. Төрийн төлөө тулга тахиж, төрийн төлөө гал асаадаг. Гайхмаар өөдрөг үзэлтэн. Саяхандаа, хэвлэлийнхэнд “Сайн явах санааных гэдэг юм. Муу юм ярих нь битгий хэл бүү бод. Яагаад гэвэл бодоод байхаар муу юмуу дуудаж байна гэж үздэг. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг шиг сайн явья гэж хүсч байгаа бол сайн юм бодно. Та бүгдийн амьдрал сайнх байх нь өөрөөс чинь хамаарна” гэж зөвлөсөн. Тэр хэвлэлийн хуралд нь суугаагүй ч гэсэн сониноосоо удаан тогтож уншсан би тухайн цаг мөчөөс эхлэн өөрийгөө дээрх жишгээр тайвшруулдаг болчихсон гэж байгаа.

Цаашид үнэ өслөө гэж бухимдахгүй. Хоолны хольц бага байна гэж голохгүй. Хоосон хоносон ч хоолтой юм шиг тайван байна. Улс орны тухай бол бүр ч муу юм бодохгүй. Хөгийн ногоон өнгөтэй хогны уутыг голж шилэхгүй. Утааны тухай гэхэд бүр өөдрөг үзэлтэн болно. “Хоргүй юм хаана ч байхгүй. Хортой утаа түүний л нэг нь” гэж бодно. Чингис бондын хувьд ч адилхан. Тэртээ тэргүй цалингаас цалингийн хооронд зээл тавьдаг тэр жишгээр л төр жаахан өр үүсгээ биз л гэж тайвширна. Тэр өрийг нь амьдарч л байгаа юм чинь адилхан зүтгэж байгаад дарна л гэж үзнэ дээ. Төрийн эрх мэдлийг далимдуулан луйвар хийдэг улстөрч, бизнесмэнүүдийг ч бас уучилна. Адилхан амьдарч байгаа юм болохоор арай илүү аз жаргалтай, алт мөнгөтэй амьдрахыг хүсээ л биз гэж өмөөрнө. Хүн шиг амьдрах хүсэл тэдэнд ч бас бий болохоор тэр.
Ингэж бодсоор би өөрийгөө өөдрөг үзэлтэн гэсэн ангилалд багтаана. Эцэст нь хэлэхэд сайхан юм бодоод байсан чинь Н.Батбаяр сайд хүртэл сайхан санагдаад ирэх юм билээ. Юу яасан өнөө цагийн балай гаж үзэгдэл билээ гээд л… Гол нь ингэж бодоод, эрүүл ухаанаа ээдүүлээд байвал энэ сайд шиг болох ч юм билүү хэн мэдлээ дээ.

Г.ОТГОНЖАРГАЛ