Бөхийн өргөө дүүрлээ. "UB" палас дүүрлээ. Их л гайхамшигтай хамтлаг, дуучны тоглолт үзэх гэж байгаа бололтой, тэр үй олноороо хуран цугларсан монголчууд.

Гэтэл үгүй юмаа. Ажиглавал хэн нэгэнд мөнгө өгөхөөр цугларч.

Өвчтэй зовсон нэгэнд туслахаар зохион байгуулсан хандивын тоглолт гэж үү. Үгүй үгүй. “Монгол Аура төв”-ийн тэргүүн Б.Сарандаваагийн лекцийг сонсохоор цугларсан нь тэр аж. Мөнгөтэй болохыг хүссэн олон монголчууд тэр лекцэнд сууж Б.Сарандаваагийн хэлснээр нүдээ аньж, залбирч, даган хөдөлж, дуулж гимнастик хийх нь холгүй. Тэр авгайн зааснаар түрийвчээ гаргаж даллах монголчуудынхаа дүр төрхийг харахад өрөвдмөөр.

Уг нь хэтэвчиндээ мөнгөтэй болохыг хүсэж сүсэглэж байгаа хэдий ч эсрэгээрээ хэтэвчиндээ байсан хэдийгээ тэр авгайд бэлэглэж байгаа гэдгээ ухаардаггүй гээд бодохоор уур ч хүрмээр. Бид хэдий болтол XXI зууны иргэд шиг байж, элдэв мунхруулга, сүсэг бишрэл ашиглан хөлжих гэсэн хүмүүсийн золиос хохирогч байсаар байх вэ.

Хамгийн энгийн, инээдэмтэй, өрөвдөлтэй жишээ татахад л дээрх Б.Сарандаваа гэгчийн "мөнгөний тархи барьдаг" лекц байна. Хэчнээн монгол хүний мөнгө санхүүгийн зовлонгоор наадаж орлого олох юм бол. Тэгж л түмний тусын тулд байгаа ахул тэр лекцээ үнэгүй уншиж болдоггүй юм болов уу.

Цаашлаад ард түмнийг нь төртэй юутай хээтэй нь онигоонд оруулж ганцхан Монголд ертөнцийг төгсөөх шахсан "Орифлэйм"-ийн гэгч Б.Оюунгэрэл байна. Гоо сайхны барааны хажуугаар миний лекцэнд суучихвал аврагдана шүү гэж овоо ч их орлого олсон, лаа гэр зардаг нөхдүүд ч түүний буянаар нэлээн гүйлгээтэй тэр жилийг өнгөрөөсөн болов уу.

Чингис хааны 30 дахь удам, 29 дэх үеийн бодлого баригч, эш үзүүлэгч, дэлхийг аврах Монголын хаадын гүн ухааныг номлогч, хунтайж гэсэн урт цол гуншинг өөртөө гамгүй хайрласан бас нэг дүвчин байх. Тэр дүвчин мөнх тэнгэрийн галын тахилга хийнэ хэмээн такстай бүртгэл үе үе явуулдаг.

Олон хэлийн Б.Арго багш "гамбир" болсноос хойш ном нь зарагдахаа больсон уу, ямар ч байсан машид сэргэлэн бизнесмэн учир хямралаас үтэр түргэн гарах арга сэдэж бөө мөргөл тал руу нэлээд хазайж, хар алаг сүлдний тахилгаар амилуулсан Чингис хаан, Бөртэ хатныг дүрсэлсэн Дахи бурхныг бүтээснээ зарлаж хүмүүсийг хуйлруулж явдаг сурагтай.

Гэх мэтчилэн бөө гэхэд бөө биш, лам гэхэд лам биш, хандмаа гэхэд ч бас биш элдэв ид шид ярьж мунхруулагсдын халаасыг дүүргэхээ болицгооё л доо. Жишээ дурдахад олон хүн цуглуулж мөнгөтэй төгрөгтэй болгох эрдэм чадал заадаг нэг нөхөр өөрөө өрөнд баригдчихсан байж. Түүн дээр авлага авах хүн нь мөнгөө нэхэж очиж л дээ. Гэтэл мань эр "Хэрхэн мөнгөтэй болох" тухай ээлжит нэг номоо дөнгөж саяхан хэвлүүлсэн тухай дурдаад өрөө удаахгүй төлнө хэмээсэн гэдэг. Байдал яг л ийм байна.

Хувьсгалын жилүүдэд чөтгөр цөөрсөн гэдэг. Түүн шиг ардчиллын үед идтэн шидтэн олширч байгааг бид харж байна. Ямар ч алдартай гавьяатын концертод цугладаггүй олон хүн үе үе цуглуулдгийнх нь төлөө тэдэнд Гавьяат өгсөн ч болохоор болоо биз. Олон монголчуудаа мунхруулж их ашиг олсноор нь хэмжвэл Ардын өгөхөд ч багадах. Удахгүй Ардын жүжигчин Б.Оюунгэрэл, Гавьяат жүжигчин Б.Сарандаваа, Арго багш хэмээгдэхэд гайхах зүйлгүй болох нь дээ.