УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусгасан. Ингэснээр уг эхийг дэмжих эсэхийг ард нийтээс асуухаар болсон юм. Үүнтэй зэрэгцүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард нийтээс засаглалын хэлбэрийг хамтатган асуух төсөл боловсруулж, УИХ-ын даргад өргөн барьсан билээ.

Төрийн тэргүүний энэхүү үйлдэл нь Үндсэн хуулийг илтэд зөрчсөн төдийгүй тангаргаасаа няцсан явдал болсон хэмээн хуульчид болон улс төрийн хүрээнийхэн дуу нэгтэйгээр дүгнэсэн. Хөдөлмөрийн үндэсний намын гишүүн залуучууд Монгол Улсын иргэнийхээ хувиар Ерөнхийлөгч Х.Баттулгыг шалгуулахаар Үндсэн хуулийн Цэцэд хандаад байгаа юм. Үүнтэй холбогдуулан Үндсэн хуулийн эрх зүй судлаач Д.Үүрцайхтай ярилцлаа.

 

-Та бүхэн Ерөнхийлөгч Х.Баттулгыг шалгуулахаар Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Ямар үндэслэлээр ийм шийдвэрт хүрэв?

 

 -Өнгөрсөн лхагва гарагт Үндсэн хуулийн  Цэцэд мэдээлэл гаргасан. Ингэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийг зөрчиж, тангаргаасаа няцсан байх үндэслэлтэй тул тогтоож өгнө үү, цаашлаад ийм шалтгаанаар түүнийг албан тушаалаас нь огцруулах үндэслэлтэй эсэхийг тогтоож өгөхийг хүссэн.

 

-Ямар хуулийн зүйл, заалтыг хөндсөн гэж үзсэн бэ?

 

-Ерөнхийлөгч Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын төсөлд засаглалын хэлбэрийг асуух асуултыг нэмэх саналаа Тамгын газрын дарга З.Энхболдоор уламжлан УИХ-ын даргад өргөн барьсан. Энэ үйлдэл нь Үндсэн хууль болон бусад хуулийн зүйл, заалтыг зөрсөн гэж үзээд ХҮН-ын залуучууд нэгдэн, Цэцэд мэдээлэл гаргасан. Тухайлбал, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим. Ерөнхийлөгч өөрийн шийдвэр, үйл ажиллагаагаар Монгол Улсын хуулийг зөрчвөл Үндсэн хуульд заасан хууль дээдлэх дээрх зарчмыг зөрчсөн гэж үзнэ. Тодруулбал, Үндсэн хуулийн 68.2 дахь хэсэгт “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар ард нийтийн санал асуулга явуулж болно.

 

 

Санал асуулгыг Үндсэн хуулийн 25.1.16-д заасны дагуу явуулна” гэж заасан. Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17 дугаар зүйлд ард нийтийн санал асуулгыг хэрхэн явуулахыг тусгайлан зохицуулсан. Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн 4.4.2-т Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулахыг мөн тусгайлан зохицуулсан байдаг.

 

 

Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиар ард нийтийн санал асуулга явуулах нь төрийн дотоод, гадаад бодлогын тодорхой асуудлаар явуулах ердийн санал асуулгаас зарчмын ялгаатай учраас хуульд тусгайлан зохицуулсан байдаг гэсэн үг. Санаачлах этгээд, асуулга явуулах журам нь өөр. Цаашлаад ард нийтийн санал асуулга явуулаад дэмжлэг аваагүй тохиолдолд гарах хууль зүйн үр дагавар нь ч өөр юм. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17.6-д Үндсэн хуудьд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал асуулга явуулахдаа зөвхөн нэг асуултаар буюу УИХ-аас баталсан “Үндсэн хуулийн төслийг зөвшөөрөх үү, үгүй юү” гэсэн ганц асуултаар асууна гэдгийг тодорхой хуульчилсан. Баталсан төсөл гэхээр УИХ гурван сарын турш хэлэлцээд хоёрдугаар  хэлэлцүүлгээр баталсан төслийг хэлээд байгаа юм шүү дээ. Тийм байтал засаглалын хэлбэрийг нэмэлтээр асуух нь дээрх хуулиудын заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа юм. Нөгөө талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч. Үндсэн хуулийг дээдлэн сахина гэж тангараг өргөсөн албан тушаалтан. Гэтэл Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалын эсрэг санал гаргасан нь тангаргаасаа няцсан гэж үзэх үндэслэл болж байгаа юм. Цаашлаад Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 1.1.4-т Монгол Улсын аюулгүй байдлын баталгаа нь парламентын тогтолцоо гэж тусгасан.

 

 

Гэтэл Ерөнхийлөгч өөрөө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн атлаа энэ үзэл баримтлалаа илтэд зөрчсөн нь түүнийг тангаргаасааа няцсан гэж үзэхэд хүргээд байгаа юм. Хууль зүйн талаас хэд хэдэн факт байгаа учраас бидний хэдэн залуу нэгдэн, Монгол улсын Ерөнхийлөгч тангаргаасаа няцсан уу, Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн үү, үүний улмаас энэ хүнийг албан тушаалаас нь огцруулах үндэслэл байна уу гэдгийг тогтоож өгөхийг хүссэн. Ямар ч байсан Ерөнхийлөгч санал гаргаад УИХ-ын даргад өргөн барьснаар яалт ч үгүй Цэцэд хандах, маргаан үүсгэх хууль зүйн факт бүрдчихээд байгаа юм.

 

 

-Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулиа зөрчсөн эсэхийг Цэц тогтоохоор болж байна. Гэтэл та бүхний хэлж байгаачлан “Үнэхээр хуулийн зөрчил болжээ, төрийн тэргүүн тангаргаасаа няцжээ” гэх дүгнэлт гаргаж чадах болов уу. Хэр итгэлтэй байна вэ?

 

-Харамсалтай нь, олон нийтийн дунд ярьдагаар Үндсэн хуулийн Цэц Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ихээхэн хараат болчихсон  гэж үздэг. Үнэхээр ийм байгаад бидний гаргасан мэдээллийг Цэц хэрэгсэхгүй орхивол бид цаашдаа тэмцлийн бусад арга хэлбэрийг хэрэглэнэ. Мэдээж, үүнээс наана бид Цэцэд хандаж байгаа нь эрх зүйт төрдөө итгэдгийнх шүү дээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс эрх зүйт төртэй, хууль дээдэлдэг, Үндсэн хуулийн хяналтын байгууллагатай улс. Тиймээс Монгол Улсын ямар ч албан тушаалтан Үндсэн хуулийнхаа хүрээнд үйл ажиллагаа явуулж, энэ хүрээн дотор ажиллах ёстой. Харин иргэд бид Үндсэн хуулиа сахиулж, ардчилал, эрх чөлөөгөө хамгаалан дуугарч, тэмцэж байх учиртай. Тийм ч учраас бид Цэцэд хандсан.Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өмнө нь ч гэсэн Монгол Улсын эв нэгдлийг илэрхийлэгчийнхээ үүргээс хазайж, ард түмнийг дотор нь хуваан талцуулах утга агуулга бүхий мэдэгдлийг удаа дараа хийж байсан. Жилийн өмнө л гэхэд засаглалын хэлбэрийг хөндсөн үг үйлдлийг одоогийн Ерөнхийлөгчийн ойр тойрноос гаргаж байсныг та бүхэн санаж байгаа болов уу. Энэ мэтчилэн хуулийн хязгаараас давах алхмыг хийсээр байсан ч хэн нэгэн иргэн эсвэл улс төрийн хүчний зүгээс Үндсэн хуулийн Цэцэд хандсан нь үгүй. Бид ингэж дуугүй байснаараа Ерөнхийлөгчийг төдийгүй, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гэдэг хүнийг өөгшүүлсэн юм болов уу гэж харж байгаа. Тиймээс цаашид залуус бид эрх барьж буй нам болон Төрийн тэргүүний үйлдэл, үйл ажиллагааг анхааралтай ажиглана. Хэрвээ Үндсэн хуулийн эсрэг аливаа үйлдэл хийвэл Цэцэд хандаж, мэдээлэл гаргасаар байх болно. Цэцээс гаргах шийдвэрт эргэлзээд дуугүй суухгүй. Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулахаар зорьж буй иргэд бид бослого тэмцэл, хэрүүл зодоондоо тулахаас өмнө хуулийн бүхий л арга замыг сонгох хэрэгтэй. Энэ бол Үндсэн хуулиа хамгаалж, тэмцэх сүүлчийн ганц хууль ёсны боломж учраас бүрэн гүйцэд ашиглах болно. Хэрвээ бидний хуулийн дагуух арга зам амжилтад хүрэхгүй, Үндсэн хуулийн Цэц хараат бусаар, бие даан шийдвэр гаргаж чадахгүй Үндсэн хуулийн хямрал үүсгэхэд хүрвэл тэмцлийн бусад хэлбэрийг сонгохоос аргагүй.

 

-Та бүхэн нэгэнт мэдээллээ гаргасан. Цэц хэрхэн шийдвэрлэх вэ, цаашид процесс хэрхэн үргэлжлэх юм бэ?

 

-Эхний ээлжид Үндсэн хуулийн Цэц бидний мэдээллийг хүлээж авсан. Ингэснээр Цэцийн дарга аль нэг гишүүндээ хуваарилах ёстой. Үүний дараагаар тухайн гишүүн 14 хоногийн дотор бидний гаргасан мэдээллээр Үндсэн хуулийн маргаан үүсгэх эсэхийг шийдэх учиртай. Цэцийн дарга иргэдийн гаргасан мэдээллийг хуульд хугацаа заагаагүй учраас хуваарилахгүй удаадаг, гацаадаг хандлага байдаг. Цэцэд шударга гишүүн олон байгаа гэж итгэсэн учраас л бид хандсан. Үндсэн хуулийн гишүүд үнэхээр хараат бусаар ажиллаж чадаж байна уу, Цэцийн бие даасан байдал хангагдсан уу гэдгийг харах л үлдэж байна.

 

-Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулиа зөрчлөө, тогтоож өгнө үү хэмээн Цэцэд хандсан анхны тохиолдол болж байна. Нэг талаас шударга үнэний төлөөх тэмцэл гэж харж болох ч нөгөө талаас Төрийн тэргүүнд тэрсэллээ гэж дүгнэх хүн гарах л байх? 

 

-Ерөнхийлөгч Үндсэн хуулиа зөрчлөө хэмээн Цэцэд хандсан анхны тохиолдол. “Ноёнтой сөргөлдсөнийхөө” төлөө бидэнд аливаа эрсдэл үүсэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ бид энэ эрсдэлийг үүрэх ёстой. Үнэ төлбөргүй зүйл гэж үгүй. Тиймээс бид арагш суух учиргүй. Бидний үеийнхэн, шинэ үеийн сэхээтнүүд ийм эрсдэлийг үүрэх ёстой. Алийн болгон албан тушаалтнуудаас айж агшиж, алгын чинээ болж явах билээ. Тиймээс бид үр хүүхдийнхээ ирээдүй хойчийг бодож, Үндсэн хуульт байгуулал, парламентын ардчиллаа хамгаалж, дуугарах ёстой. Залуучууд, шинэ үеийнхэн бид амиа хоохойлж суух нь улс эх орноо сүйрэлд хөтлөх магадлалтай учраас эрсдэлээс айлгүйгээр нэгдэж, дуу хоолойгоо хүргэж тэмцэх ёстой. Залуус бид ийм бэртэгчин зантай байж болохгүй гэдэг үүднээс ХҮН-ын залуус бид санаа нэгдэж, Цэцэд хандсан. Өөрөөр хэлбэл, бид төрийн тэргүүнийг “Үндсэн хуулиа дээдлэн сахиач ээ”гэсний төлөө эрсдэл ирвэл түүнийг үүрэхэд бэлэн гэдгээ илэрхийлж, Цэцэд мэдээлэл гаргасан.

 

-Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд төрийн тэргүүн болсон цагаасаа УИХ-ыг тарахыг шаардсан. Засаглалын хэлбэр нь парламентынх гэж Үндсэн хуульдаа заачихсан атал өөрчлөх саналад удаа дараа илэрхийлж ирсэн. Эцэст нь энэ саналаа тулгах маягаар саналаа илэрхийллээ. Энэ мэтээс үзвэл таны хэлсэнчлэн Ерөнхийлөгч Үндсэн хуулийн эсрэг алхмыг удаа дараа хийсэн юм биш үү?

 

-Би ч бас ингэж дүгнэж байгаа. Үндсэн хуульт байгуулал, үндэсний аюулгүй байдлын баталгаа гээд ард түмний төлөөлөл болсон УИХ-аас тогтоочихсон байхад Үндсэн хуулийнхаа суурь үзэл баримтлалын эсрэг үйлдэл, үйл ажиллагааг удаа дараа гаргаж байсан нь Үндсэн хуулийн эсрэг байсан. Өөрөөр хэлбэл, өмнө нь үг, үйлдлээрээ үндсэн хуульт ёс, парламентын ардчиллаа үгүйсгэж байсан бол энэ удаад барьцаа лавшруулаад буюу албажуулаад УИХ-ын даргад өргөн барьчихлаа шүү дээ. Тийм учраас Цэцэд хандахаас аргагүй нөхцөл байдал үүссэн гэж ойлгож болно.

 

-Нөгөө талаас Ерөнхийлөгч засаглалын хэлбэрийг асууя гэж байгаа нь өөрийн эрх хэмжээг нэмэгдүүлэх санаархал гэж ойлгож болох уу?

 

-Засаглалын хэлбэрийг асууя гэж байгаа нь одоогийн Үндсэн хуулийг үгүйсгэсэн буюу шинэ Үндсэн хуультай болох тухай ойлголт л доо. Тэгэхээр засаглалын хэлбэрийг өнөөгийн Үндсэн хуулийн хүрээнд асуух нь боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд энэ тухайд тодорхой заачихсан байгаа. Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалд харшлахгүй нэмэлт, өөрчлөлтийг өргөн барих ёстой. Гэтэл нэмэлт, өөрчлөлт бус Үндсэн хуулийг бүхэлд нь хянан үзэх тухай ойлголт нь Монгол Улсыг шинээр тогтоох тухай асуудал хөндөгдөж байна. Тиймээс ийм санаархлыг Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан байгууллага, албан тушаалтан гаргах боломжгүй. 

 

–Хууль эрх зүйн талаасаа олон талын зөрчил үүсгэлээ гэдгийг хуульчид төдийгүй улс төрийн хүрээнийхэн ам нэгтэйгээр дүгнэж байгаа. Ерөнхийлөгчийн энэ саналыг тэгвэл та улс төр талаас нь хэрхэн дүгнэх вэ?

 

-Улс төр талаас нь харвал одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга “хэмжээгүй эрхт хаан” суух хүсэлтэй байна гэж харахаас аргагүй. Гэтэл Ерөнхийлөгчийн засаглалд шилжсэн олонх ардчилсан улс оронд дарангуйлал бий болсон буюу ийм засаглалын хэлбэр сөргөөр нөлөөлсөн, ардчиллыг нь устгасан байдаг. Магадгүй Ерөнхийлөгчид одоо байгаа шүүх, Үндсэн хуулийн Цэцэд нөлөөлөх боломж, гадаадад суух элчин сайд нарыг томилох зэрэг ердийн парламентын бүгд найрамдах улсын Ерөнхийлөгчид байдаггүй илүү эрх мэдэл нь багадаад байгаа учраас эрх хэмжээгээ нэмэгдүүлэх хүсэл тачаалын үүднээс асуудалд хандаж байна гэж харж байна. Гэхдээ Монголын ард түмэн цөлх ухаантай, цаашид хэнийг сонгож, хэнд итгэл үзүүлэхээ мэддэг гэдгийг хэлмээр байна. Хэний, ямар үзэл санаа зөв бэ гэдгийг ойлгодог, шударга ёс, эрх чөлөөний өндөр мэдрэмжтэй ард түмэн. Тиймээс энэ мэт эрх мэдэлд шунасан хүмүүсийн хүсэл, шуналыг биелүүлэхгүйгээр асуудалд буурьтай хандах чадалтай ард түмэн гэдгийг сануулахад илүүдэхгүй болов уу. “Их хүссэн хүнд төрийн жолоог бүү атгуул” гэдэг үгтэй шүү дээ. Тэгэхээр ардчилсан тогтолцоонд ард түмэн сонголтоо хийдэг. Гагцхүү энэ өрсөлдөөн хуулийн хүрээнд байх ёстой гэдгийг мартаж болохгүй. Хуулиас давж, хуулийн гадуур “бүжиглээд” байгаа хүмүүсийг ард түмэн байранд нь тавьж, Үндсэн хуулиа хамгаалж, үндсэн дүрмийнхээ хүрээнд ажиллах эсэхийг нь анхааралтай ажиглаж, идэвхтэй оролцооны үндсэн дээр сонголтоо хийж байх ёстой гэдгийг давхар сануулъя. Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд, Х.Баттулгаас өмнөх Ерөнхийлөгчид харьцангуй Үндсэн хуульдаа үнэнч байж, хуулийн хүрээнд ажиллаж ирсэн байдаг.

 

-Нэгэнт мэдээлэл хүрсэн учраас Цэцийн гишүүдийн нэг нь энэ асуудлыг шийдэж таарна. Маргаан үүсгэх эсэхийг тухайн хүн шийдэх учраас хэвлэлээр дамжуулан дайх үг байна уу?

 

-Цэцийн гишүүдийг аль нэг нам, бүлэглэлийн ашиг сонирхлыг төлөөлөхгүйгээр эрх ашгийнхаа эрэмбийг бодож, Монгол Улсынхаа ирээдүй, Үндсэн хуульт ёсныхоо төлөө төрийн зүтгэлтний хувиар асуудалд хандаарай гэж хэлэх байна. Үндсэн хуулийн манаачийнхаа үүргийг биелүүлээрэй л гэж хүсье.

 

-Ерөнхийлөгч Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төсөлд хориг тавьчихлаа. Та үндэслэлийг нь уншиж танилцав уу. Ард нийтээс санал асуухад түүний энэ хориг тээг болох уу?

 

-Энэ бол Ероөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах асуудал. Үндэслэл нь хэлбэрийн хувьд хууль байдлаар хэлэлцээгүй, батлаагүй гэсэн агуулгатай байх шиг байсан. Миний бодлоор үнэхээр хуулийн хэлбэрээр бус 2000 оны нэмэлт өөрчлөлт шиг хаана ч байдаггүй, утгагүй хэлбэртэйгээр батлах гэж байгаа бол хууль зөрчсөн гэх Ерөнхийлөгчийн хоригийн үндэслэлийг дэмжинэ. Ийм байдлаар. Цэцийн хяналтыг тойрч гарахыг оролддог юм. Гэвч ард нийтийн санал асуулгаар батлагдах төсөлд ийм хэлбэрийн алдаа хийх шаардлагагүй юм. Дээрээс нь энэхүү тогтоолд ард нийтийн санал асуулгын товыг хамтад тогтоох хуулийн тодорхой шаардлага байгаа. Гэтэл УИХ дахь олонх УИХ-аа тараах уу, урьдчилсан сонгууль явуулах уу гэдэг асуудлаа магадгүй дотооддоо шийдэж чадаагүй байсан тул товгүй ард нийтийн санал асуулга явуулах тогтоол баталсан. Энэ нь ч цаашид хууль зүйн маргааны эх үүсвэр болно байх.

М.Өнөржаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин