Монголын хууль хүчин, цагдаа, прокурорын байгууллагаас муу бүхэн гардаг боллоо. Саяхан гэхэд л Төв аймгийн Угтаалцайдам суманд өөрийнхөө өвөө шиг 60 гарсан тариаланч өвгөний амь насыг егүүтгэсэн хэрэгт сэжиглэгдэж байна.

Хулгайн хэрэг мөрдөж явсан цагдаа нар тариалангийн ажилдаа гарахаар зэхэж байсан жирийн иргэнийг чирч, машиндаа суулгаж сумын төвөөс 10 гаруй км-ийн зайд аваачаад нас барсан хойно нь эмнэлэгт авчирчээ.

Тариаланч иргэнийг авч явахдаа цагдаа нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх магадлалтай юм байна. Цагдаа нарын машинаас архи, ууж байгаад үлдээсэн пиовны шил гарсныг талийгаачийн ар гэрийнхэн нь зургаар баримтжуулжээ.

Мөн энэ сарын 25-нд Тээврийн цагдаагийн албаны дарга, хурандаа Э.Бөхбатын эзэмшлийн байранд хууль бус мөрийтэй тоглоомын газар олон жилийн турш үйл ажиллагаа явуулж байсан нь олонд ил боллоо. Хууль бус автомат тоглоомын газрын ойр орчмыг бүрэн камержуулжээ. 2018 болон 2019 онуудад тухайн байгууллагад хэд хэдэн удаа торгуулийн арга хэмжээ авч байсан ч өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж ирсэн байна. Тэр бүү хэл тухайн тоглоомын газар үйлчлүүлэгчдийнхээ байр, машиныг барьцаалж зээл олгодог байсан гэх. Тоглоомондоо халуурч, мөнгөө сэгсрүүлсэн нөхөр газар дээр нь л байр, машинаа барьцаанд тавиад үргэлжлүүлэн тоглож таарна. Мөрийтэй тоглоомонд донтож байр, машинаа алдсан иргэдийн ар гэрийнхэн нь тэнд очиж хэл ам хийн хаалгыг нь бариулдаг ч хэдхэн хоноод л үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлдэг байжээ. Ийм хэрэг өдөр болгон шахуу гарч байхад байрны эзэн хурандаа нь огт мэдээгүй байна гэдэгт үнэмших хүн өөрөөс нь өөр хаана ч алга.

Түүнчлэн Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир нар 2015 онд хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэсэн, худалдан борлуулахыг завдсан, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутгагдсан. Улс үндэстнийхээ эсрэг гэмт хэрэг үйлдсэн Х.Тамирт 5.1 жил, Б.Амарбаясгаланд 5.2 жилийн хорих ял оноосон юм. Энэ мэтчилэн цагдаа, прокурорын балаг тасрахгүй байх жишээтэй.

Ц.Нямдорж сайд таны шууд удирдлагад байдаг цагдаа, прокурорынхон чинь иргэнээ амьд авч яваад үхүүлээд авчирдаг, мөрийтэй тоглуулж, хар тамхи хэрэглэж, зарж борлуулж байна. Монголын хууль хүчин, цагдаа, прокурорын удирдлагуудыг оройгоос нь улыг нь хүртэл солих цаг нэгэнт болжээ. Сайд та яагаад дарга нарыг нь сольж, хариуцлага тооцохгүй байна вэ. Сайд нь шийдэж чаддаггүй юм бол хүний аминд хүрч, хууль бусаар мөрийтэй тоглуулдаг цагдаа, хар тамхи хэрэглэж зарж борлуулдаг прокурорын байгууллагын удирдлагууд өөрсдөө хариуцлага хүлээж огцрох ёстой.

Хар тамхи зарж борлуулсан гадаад иргэнийг өглөө нь цагдаагаас барьж хорьдог ч үдээс хойш нь прокурорын зөвшөөрлөөр суллаад явуулчихаж байна. Ийм завхарсан цагдаатай, прокурортой бид амь нас, аюулгүй байдлаа хэнд даатгах болж байна аа. Монгол Улсын иргэнийг үхүүлээд бай, мансууруулаад бай гэж бид нар татварын мөнгөөрөө та нарыг цалинжуулдаг хэрэг үү.