Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх гэх МЭТ ОНЦ ноцтой гэмт хэрэг манай улсаас хол мэт байсан нь саяхан. Гэтэл улс орнуудын хөгжилтэй хөл нийлүүлээд, хамтын ажиллагаагаа сайжруулаад ирэх цагт яалт ч байхгүй эдгээр гэмт хэргүүд тохиолдох аюул нэмэгддэг аж.

Тийм ч учраас Монгол Улс ФАТФ-ын Ази номхон далайн бүс нутгийн байгууллагад гишүүнээр элсэж, зөвлөмжүүдийг биелүүлэх даалгавар авч эхэлсэн. Өнөөгийн түвшинд бидний хүрээд байгаа амжилт их ч гэлээ олон нийтийн дунд яриад байгаа шиг саарал жагсаалтаас холдсон зүйл байхгүй бөгөөд үнэн хэрэгтээ манай оронд хугацаатай даалгавар өгч эрчимтэй хяналт буюу тэнсэнд оруулчхаад байгаа юм.
 
Анх манай улс 2011 онд ФАТФ- ийн хар-саарал жагсаалтад орох эрсдэлтэй байгааг анхааруулснаар шат шатандаа арга хэмжээ авч эхэлсэн. Тухайн үед тодорхой ажлууд хийж хар-саарал жагсаалтад орох аюулаас гарсан ч асуудал хэвээр байсан тул 2013 онд саарал жагсаалтад орсон. Өөрөөр хэлбэл өнөөдөр тулгараад байгаа хүндрэл бидэнд анх удаагаа тохиолдож байгаа биш юм. Хар эсвэл саарал жагсаалтад орсныг зарлахад олон улсын санхүүгийн байгууллагууд мөнгөө татаж, хамтын ажиллагаагаа зогсоодог ба нөгөө талаас иргэд, бизнес эрхлэгчид гадагш мөнгө шилжүүлж, картаа ашиглаж чадахаа болихоос авахуулаад, улсын хэмжээнд хаалтад ордог. 2013 онд ийм нөхцөл байдал бий болж саарал жагсаалтад орсон бөгөөд яаралтай арга хэмжээ авч холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж, ФАТФ- ын зөвлөмжүүдийг дагаснаар 2014 оны эхээр гарч байсан түүхтэй. Гэхдээ Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн хэмжээг 2013 оны эцсийнхтэй харьцуулбал 45 орчим хувиар өссөн байгаа бөгөөд энэ хэрээр бусад улсуудтай санхүү, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, интеграцчлагдсан байгаа. Иймд тэр үетэй харьцуулахад өнөөдөр саарал жагсаалтын аюул маш их юм.
 
Тэгвэл 2017 онд анхааруулга өгснөөс хойш юу өөрчлөгдсөн бэ? Энэ асуултад хариулахын тулд ФАТФ-ын үндсэн 40 зөвлөмжөөс гадна шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлтийг тайлбарлах хэрэгтэй. Энгийнээр 40 зөвлөмж нь хууль, эрх зүй орчин буюу мөнгө угаахтай тэмцэх ерөнхий тогтолцооны хүрээнд байдаг бол 11 үзүүлэлт нь уг тогтолцоо амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байна вэ гэдгийг хэмждэг. Хууль батлах нэг асуудал бол түүнийг хэрэгжүүлнэ гэдэг өөр асуудал юм. Цаашлаад нэг хууль нь нөгөө хуулиа хүчгүйдүүлэх эрсдэл байдаг. Манай орны хувьд 40 зөвлөмжөөс 20 нь хангалтгүй, үр дүнтэй байдлын 11 үзүүлэлт бүхэлдээ хангалтгүй үнэлгээг авсан. 8 дугаар сард болсон Ази номхон далайн бүлгийн хурлаар 16 зөвлөмжийн үнэлгээг сайжруулаад байгаа бол 9-р сард Тайландад болсон хамтарсан бүлгийн хурлын үеэр үр дүнтэй байдлын 7 үзүүлэлтийг ахиулаад байгаа. Нэр бүхий төрийн байгууллагууд ихээхэн санаачилга гаргаж хууль эрх зүйн орчинг олон улсын түвшинд хүргэж, үл хөдлөх хөрөнгө зууч, алт мөнгөний дархан гэх мэт хэд хэдэн салбарт шинэ зохицуулалт нэмж өгсөн.
 
Харамсалтай нь Монгол Улсын оноог бууруулах хэд хэдэн томоохон алдааг гаргажээ. Эхнийх нь 2015 онд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль баталж, 30 гаруй их наяд төгрөгийн хөрөнгийг ил болгосон. Энэ нь тухайн үеийн Монгол Улсын ДНБ-ээс 1.5 дахин их хэмжээтэй хөрөнгө бөгөөд ийм их хэмжээний мөнгө гарч ирж байна гэдэг нь Монгол Улс татвараа авч чаддаггүй, мөнгө угаадаг юм байна гэж ойлгоход хүргэсэн. Хоёрдугаарт, ардчиллын 25 жилийн ойгоор батлагдсан Өршөөлийн хуулиар төрийн ордон руу дайрч террорист хэргээр ял сонссон этгээд болон санхүүгийн гэмт хэрэг үйлдсэн ялтнуудыг өршөөж чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, бид мөнгө угаасан, террорист гэмт хэрэг үйлдсэн нөхдүүдийн толгойг илээд өнгөрдөг байх нь. Ийм байхад хичнээн сайн хууль байлаа гээд хүчин мөхөстөх нь илэрхий юм.
 
Цаашлаад манайд ломбард нэртэй санхүүгийн зах зээлийн ямар ч зохицуулалтгүй этгээдүүд оршсоор байна. Мөн хар жагсаалтад орсон Хойд Солонгосын ажиллах хүчнийг авч ажиллуулж оронд нь тухайн улсад төлбөр төлж байсан нь ФАТФ-ын эргэлзээг төрүүлсэн. Нэгэнт болж өнгөрсөн бөгөөд өнөөг хүртэл нь оршсоор байгаа эдгээр асуудал манай нэр хүндийг харлуулж байна. Ийнхүү биднийг эрчимтэй хяналт буюу тэнсэнгээс гаргах эсэх асуудлыг Парис хотноо 10-р сарын 13-18 өдрүүдэд ФАТФ-ын хурлын үеэр хэлэлцэж, шийдвэрлэнэ.
 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Т.Баттүшиг