Уг нь бид чинь эзэнтэй мал гэдэг шиг төртэй улсын иргэд байгаа юм. Гэтэл Улаанбаатарт шөнөдөө хасах градусын сураг дуулдав уу үгүй юу хэд хэдээрээ шахмал түшний угаарын хийнд хордож амиа алдлаа.

Өнөөдөр намрын дунд сарын шинийн 10-ны өдөр, цаагуураа намар л байгаа гэсэн үг. Удахгүй утааны улирал эхлээд дуусах хүртэл чилийсэн таван сар байдаг. 150 хоног шүү дээ.

Гэтэл энэ долоохон хоногийн дотор шахмал түлшний угаарт хордож амиа алдсан зургаан хүний хоёр нь 2-4 насны хүүхэд байв. Энэ тоо өнөө шөнө ч нэмэгдэж болзошгүй. Учир нь 2019 оны аравдугаар сарын 3-наас хойш бараг шөнө дараалан шахмал түшнээс болж хүн амиа алдаж буй. Хамгийн хачирхалтай нь төр, засаг түлшээ өмөөрч, хотын иргэд өнөөхийг нь түлсээр өнөөдрийг хүрч байгаа юм. Гэвч шөнө бүр угаартаж хордсон 20 гаруй хүн эмнэлэгт хүргэгдсээр, бас амиа алдсан хүний тоо нэмэгдсээр байна.

Энэ бол маш ноцтой явдал. Ийм олноороо амиа алдах байтугай, нэг хүн хордоход л асуудал үүсэх ёстой.

 

Үндсэн хуульд хүний үндсэн эрхийн хамгийн томыг “…Амьд явах эрхтэй” гэж заасан. Тийм л дээ, монгол хүн амьд явах эрхтэй. Гэтэл өнөөдөр Улаанбаатарын иргэдийн энэ эрх хаагдлаа. Шахмал түлш түлсэн хотын иргэн та маргааш өглөө амьд байхгүй ч байж мэднэ.

Ер нь бол яг ийм нөхцөлд Аюулгүйн зөвлөл маш шуурхай арга хэмжээ авах ёстой. Хүний амь эрсдэж эхэлснээс хойш бараг долоо хонож байхад Аюулгүйн зөвлөл бүрэлдэхүүнээрээ байтугай, энэ зөвлөлийн нэг ч гишүүн үзэгдэж харагдсангүй. Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар хотод, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговьт яваа мэдээ байна.

Энэ гурван нөхөр прокурор, АТГ-ын дарга, шүүгч нар солих болохоороо хэдэн өдөр хэлхэлдэж явж, хэлэлцэж сууж байгаад л шийддэг. Албан тушаалыг нь авчихдаг. Хууль хүртэл өргөн барьж батлуулж байгаад шийдүүлдэг.

Харин Монгол Улсын иргэд бөөнөөр хордож, амиа алдаж байхад таг чиг байгааг нь ойлгоход тун бэрх байна.

 

 

Өдөр, цаг тутам хордлого, эрсдэл дуулдаж байгаа ийм нөхцөлд Аюулгүйн зөвлөл шахмал түлшийг хориглох, цаашилбал Онц байдал тогтооход болохгүй гэх газаргүй. Учир нь шахмал түлшийг түлсээр байвал хоног өнгөрөх тусам хасах градус нэмэгдэнэ. Тэр хэрээр угаартаж хордох, амиа алдах иргэдийн тоо нэмэгдэж магадгүй байдал харагдаж байна.  Угтаа энэ түлшинд итгэх аргагүй боллоо гэсэн үг.

 

 

Аюулгүйн зөвлөлийг эрж сураад байгаа шалтгаан бас бий. Ажил хариуцсан албан тушаалтнууд бүгд “арьс”-аа хамгаалаад суучихлаа.

Энэ ажлыг нийлж бөгөөд гардаж хийсэн хүмүүс нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар нар юм. Энэ хэдэн хүний амийг тэд хар толгойгоороо хариуцах ёстой.

 

“Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн дарга гэдэг сэтэр зүүчихсэн, хүний үгээр, өөрийн толгойгүй шахам Ж.Батбаясгаланг өмнөө оруулж баахан балай юм яриулаад цаг алдав. Өчигдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд түлшээ л өмөөрч байна. Өөрсдийгөө өмөөрч байна гэсэн үг л дээ. Түлш буруугүй, иргэд буруутай гэж тэд шууд хэлж байна.

Сайд нар нь утсаа салгаад алга болсон тухай хэвлэлүүд, эх сурвалжууд мэдээлсээр байгаа.

Энэ бүхний эцэст бүгдээрээ бусад “хар толгой” руугаа чихээд дуусч мэднэ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх лав тэр замаа засчихсан. Тэрээр 2019 оны зургадугаар сарын 18-нд “Тавантолгой түлш” ХХК-ийн ажилтай танилцах үеэрээ “…Засгийн газрын шийдвэр албан ёсоор хэрэгжиж эхэлсэн. Ажлын маань үр дүн удахгүй гарна. Ирэх долдугаар сарын 1 гэхэд бүх үр дүн гарах ёстой. Засгийн газар шаардагдах бүх ажлыг нь шийдэж өглөө. Хөрөнгө, мөнгөнөөс эхлээд тээвэрлэлтийнх нь асуудлыг шийдэж өглөө. Үйлдвэрийг нь барьж өглөө. Тодорхой хэмжээнд зохион байгуулалтыг нь хийж өглөө. Одоо бол сайжруулсан шахмал түлшийг цэгүүдэд түгээх ажил л үлдсэн. Энэ ажлыг Н.Цэрэнбат сайд болон Хотын дарга С.Амарсайхан хариуцна. Үүнийг албан ёсоор хэлж байна. Одоо ажлаа хийцгээ. Тиймээс өвөл утаатай байх эсэх нь Хотын даргын гарт шилжсэн. Нийслэлийн гарт шилжсэн. Ард иргэд өвөл утаатай байвал Хотын даргатай ярь. Ерөнхий сайдын хувьд албан ёсоор анхааруулж байна” гэж байлаа. Тэгэхээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ олон хүний эрүүл мэнд, амь насны асуудлыг Н.Цэрэнбат, С.Амарсайхан хоёр  руу “шидчихсэн” гэсэн үг. Шаварт унасан шарын эзэн С.Амарсайхан сүүлийн хоёр хоногт гарч ирээд Нийслэлийн Онцгой комиссыг хуралдуулаад харагдаад л байна. “…Хариуцлага хүлээнэ” гэж бас хэлж л байна. Н.Цэрэнбат нь харин сураггүй.

Ерөнхий сайд ирэх долдугаар сарын 1-нд үр дүнгээ үзнэ гээд байгаа. Энэ янзаараа шахмал түлшийг шахаж түлүүлээд өвөлжвөл ирэх долдугаар сард амьд хүн үлдэх ч үгүй байж мэдэхээр л байна.

Ерөөс төр түлшээ өмөөрөхөөс иргэдээ тоохгүй байгаа юм. Сонгууль болохоор хайр зарлаад гүйдэг хот хавиас сонгогдсон УИХ-ын гишүүд ч сураг алга.

Өнөөдрийг хүртэл шахмал түлшнээс хордсон айлуудаар хэн нэгэн албан тушаалтан очиж үзсэн мэдээлэл ч алга. Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин хүртэл “…Нас барсан, хордсон хүмүүсийн тооны тухайд зөрүүтэй мэдээлэл ирж байна” гээд сууж байна. Онцгой комиссын дарга хүртэл энүүхэн хойдох гэр хороолол руу явж очоод үзээгүй л байна.

 

Ийм байхад хотын иргэд хэнд найдах вэ. Төрийн царай ийм байна. Тийм болохоор Аюулгүйн зөвлөл анхаарах цаг болчихоод байгаа юм.

Аюулгүйн зөвлөлийн анхаарах хэдэн зүйл бий.

 

 

Нэгдүгээрт, энэ шахмал түлш чинь шахааны түлш байх магадлал маш их байна. Шуудайг хүртэл компани компаниас хуваарилсан маягтай худалдаж авдаг. Олон зуун тэрбумын худалдан авалтууд ч асуудалтай. Ялангуяа МАН-ынхан “Тавантолгой түлш” ХХК-ийн худалдан авалтад хамааралтай байж болзошгүйг эх сурвалжууд хэлж байгаа юм.

 

 

Хоёрдугаарт, “Тавантолгой түлш” ХХК-ийн ахлах зөвлөх Г.Бадамхатаны шахмал түлш бэлдэхээр судалж олсон материалд холбогч болон нэмэлт бодисын талаар “…SB маркийн шахмал түлшний холбогч бодис (БНХАУ) цагаан өнгөтэй хуурай бодис. Элементийн бүтэц нь нүүрстөрөгч С-41,93%, устөрөгч Н-6,7%, хүчилтөрөгч О-49,93%, Азот N-1,25%, РН үнэлгээ-6:7, нягтрал 0,7:0,9 г/см2 хадгалалтын горим хуурай агааржуулалттай нөхцөлд, чийг борооноос хамгаална. Нүүрсэнд холихдоо халуун усанд уусгаж хэрэглэнэ”, мөн “…шахмал түлшинд хольдог шар шавар нь Толгойт-Баянхошуунд орд нь оршдог. Тоосго үйлдвэрлэхэд ашигладаг. Ногоон шаравтар өнгөтэй хуурай бодис. Алевирит, гальк ба бялхмал чулуулгийн ширхэглэл бүхий хольцтой. Шаварлаг бодисын хувьд монтморилонит ба уян налархайн тоо 15-25, хайлах темератур нь 16140С. Бас манай улсад үйлдвэрлэдэг портланд цемент орно. Мөн шохой буюу сао Хятад улсаас импортолдог бүтээгдэхүүн түлшний шатаалтын үед утаан дахь хорт хүхэрлэг хийг үнсэнд барьж үлддэг чанартай бодис хольдог” гэж байна. Маш ихээр анхаарал татах зүйл бол “…Ердийн температурт үйлдвэрлэсэн шахмал болон дулааны боловсруулалт хийгээгүй нүүрсээр хийсэн шахмал нь хүхэрт нэгдлүүд харьцангуй ихээр агуулах тул шатах үед утаагаараа дамжуулан агаар орчныг бохирдуулах нэг эх үүсвэр болдог. Үүнийг багасгах нэг арга бол шахмал түлш үйлдвэрлэхдээ түүхий эдэд тодорхой хэмжээний шохой хольжшатаалтаар үүсэх so2 –ийг гипс буюу СаSO4 -д хувирган шахмалын үнсэнд нь барьж үлдээх явдал болно. Энэ аргаар нүүрсэнд агуулагдах хүхрийн хэмжээг 90% хүртэл агаарт хаялгүйгээр ялган авах боломжтойг тогтоосон байдаг. Энэхүү процессын механизм нь урвалаар тайлбарлагдана. Манай түүхий нүүрс 0,91% агуулгатай ба шохой хольсноор 0,57% болж буурсан байна. Утаан дахь хүхрийн давхар исэл SO2 хорт хийн агууламж 105мг/нм3 буюу стандартаас 12 дахин бага байна” гэсэн байна. Үүнийг мэргэжлийн хүмүүсээр судлуулж, шинжлүүлэх л болж таарах байх. Эндээс хамаг хорыг үнсэнд нь үлдээх шийдлийг Г.Бадамхатан зөвлөх олжээ гэдэг нь харагдаж байна. Тэгэхээр хашааны буланд, эсвэл хогийн цэг дээр ил задгай хаягддаг хортой үнс хаврын салхинаар хотоор нэлд нь тарахаас эхлээд таагүй үр дагавар харагдаад эхэлж байгаа юм.

Энэ мэтчилэнгээр ойлгомжгүй, эргэлзээтэй зүйл энэ шахмал түлшинд нэлээд байна. Хамгийн гол нь өдөр бүр хүний амь авч, эрүүл мэндээр нь хохироож байгаад Аюулгүйн зөвлөл анхаарал тавих ёстой юм. Эс бөгөөс энэ тоо өссөөр байх шинжтэй.

Шахмал түлшнээс болж хүний амь эрсдэж байгаад улс төрийн зарим нам анхаарал тавьж байна. Тэгэх ёстой. Улстөрчид дуугарах учиртай. Энэ бол зүгээр нэг улс төр, шоу биш юм. Тиймээс л “…Аюулгүйн зөвлөл амиа алдагсдын тоо хэд хүрвэл анхаарах вэ?!” гэж асуухаас өөр аргагүй болж байгаа юм.

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин