Урин цаг дуусаж, хүйтний ам наашилж байгаа энэ цаг үед Сонгино хайрхан дүүргийн  нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг ачааллаа дийлэхгүй байна.

"Ханиад нь хүндэрсэн байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүл" гэсэн эмчийн хэлснээр тус эмнэлгийн хүүхдийн тасагт нэгэн эцэг эх очжээ. Гэтэл тус тасагт өвлийн улирал эхэлж, ачаалал нэмэгдээгүй байхад хүүхэд хэвтэн эмчлүүлэх тасагтаа багтахгүй коридорт эмчилж байна. 

Ханиад томуугийн дэгдэлтийн оргил үе эхлээгүй байхад өвчтөнөө хүлээн авч тасагт оруулан эмчлэх боломжгүй болж коридорт хүүхдүүдийг эмчилж байгаа эмнэлэг өвөл ид ачаалалд бэлэн үү гэдэг тун эргэлзээтэй байна.

 

Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдээ эмнэлгээс гартал өөр хүүхэд нэмж ортой өрөөнд оруулах  нь хязгаартай байгаагаас эмнэлгийн коридорт эвхдэг орон дээр эмчилгээгээ эхлүүлсэн олон хүүхэд байгаа гэдгийг эх сурвалж хэллээ. 

 

 

Энэ дүр зургаас харахад жил бүрийн өвөл хүүхдүүд коридорт эмчилгээгээ эхлүүлж, тасагт орох дарааллаа хүлээх явдал тасрахгүй бололтой. Эрүүл мэндийн салбар хэдий болтол ийм ачаалалаар үйлчилгээ үзүүлсээр байх вэ. Холбогдох яам, салбарын эрх мэдэлтнүүд та бүхэн үүнийг харж байгаа бол хасах хэмийн хүйтэн болоогүй байхад эмнэлгийн ачаалал ийм байгааг анзаарч эртнээс бэлтгэлээ базаах хэрэгтэй болов уу.