УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр орой Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт орууллаа.

Ард нийтийн санал асуулгад оруулах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын 73 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбоотойгоор дээрх хоёр хуульд өөрчлөлт оруулж байна. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тайлбарлаж өгөв.

Тэрбээр “Зөвшилцөх ажлын хэсэг энэ долоо хоногийн эхний гурван өдөр хуралдсан. Зөвшилцөх ажил амжилттай болж байгаа. Зөвшилцөх ажлын хэсэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбоотойгоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн. Энэ хуулиас Үндсэн хуулийн өөрчлөлт нь хууль байна гэсэн заалтыг хасахаар болж байгаа. Хоёрдугаарт гуравдугаар хэлэлцүүлгийг хийсэн тохиолдолд нэмж заалт оруулах боломжгүй. Тиймээс зөвшилцөх ажлын хэсгээс гарч байгаа зарим заалтыг нэмэх гарцыг нээх зорилгоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болсон” гэсэн юм.