Ц.МЯГМАРБАЯР

Өнгөрсөн баасан гаригт АНУ-ын нийслэл Вашингтон хотноо үргэлжилсэн хоёр өдрийн хэлэлцээний үр дүнд АНУ БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг нэмэгдүүлэх хугацааг түр хойшлуулахаар тохиролцсон байна. Энэ уулзалтаас өмнө АНУ БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан нэмэлт татвараа ирэх долоо хоногоос 30 хувь болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байсан юм. Хоёр гүрний удирдагчид ирэх арванхоёрдугаар дугаар сард Чилид болох НҮБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр гэрээнд гарын үсэг зурж магадгүй гэж Д.Трамп мэдэгдээд байна. Тэгвэл АНУ, БНХАУ-ын хоорондын худалдааны маргаан монголчууд бидэнд ямар хамаатай  болох талаар иргэд тэр бүр мэддэггүй. Мэдэхийг ч хүсдэггүй. Тэгвэл эдийн засгийн гадаад орчин тухайн улсын дотоод орчны  хамаарлаас илүү хамааралтай  байгааг дэлхийн эдийн засгийн шинжээчид  онцолсоор байна.  БНХАУ-ын экспортын бараа бүтээгдэхүүнд АНУ тарифын шинэ бодлого хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор АНУ-руу экспортлох бараа бүтээгдэхүүний хэмжээ зарим бүтээгдэхүүн эрс багассан. Өөрөөр хэлбэл, ашиг буурч байгаа учраас тэр. Үйлдвэрлэлийн хэмжээ багасахын хэрээр эрчим хүчний хэрэглээ буурч гаднаас авах түүхий эдийн  хэмжээ автоматаар буурсан. Эдгээр түүхий эдээс нүүрс, зэс голлодог. Ингэснээр Монгол Улсаас гарах нүүрс, зэсийн хэмжээ буурч, гаднаас орж ирэх доллар, юан мөн дагаад багасахаар ханш өсч төгрөг суларна. Энэ тохиолдолд бидний авдаг хэд багасана. Иргэдийн сайн мэддэгээр барааны үнэ өснө. Тэгэхээр Монголын эдийн засаг Хятад улсаас хамааралтай байгаа тохиолдолд хаа холын АНУ-ын худалдааны маргаан манайд хамаагүй гэсэн бодлыг үгүйсгэж байгаа юм. Тухайлбал, Саудын Арабын газрын тосны үйлдвэрт дэлбэрлэлт болсон. Энэ дэлбэрэлт  Улаанбаатар хотын иргэдэд хэрхэн нөлөөлөх вэ гэвэл  дэлбэрэлт болсон учраас газрын тосны хэмжээ багасч, үнэ нэмэгдэнэ. Хэдийгээр манай улс Саудын арабаас биш ОХУ-аас бинзен, шатахуунаа авдаг ч  тэрхүү хямралыг дагаж дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ нэмэгдэнэ. ОХУ шатахууныхаа  үнийг нэмэхээс өөр аргагүй болно. Үр дүнд нь манайд орж ирэх шатахууны үнэ нэмэгдэнэ. Энэ нь иргэдийн халаасыг тэмтрэнэ гэсэн үг.Тэгэхээр үнэ нэмэгдэхгүй байх арга хэмжээ бодлогын шийдвэрүүдийг эрх баригчид авах ёстой. Ийм л харилцан хамааралтай зах зээл, эдийн засгийн орчинд бид амьдарч байна. Тиймээс Монголын топ эдийн засагчдын байр суурийг бид анхааралтай сонсч шийдвэр гаргалтад нөлөөлөх  шаардлага байгааг “Бизнесийн орчин” форумын үеэр зохион байгуулагчид нь онцолж байсан юм.  “Худалдааны дайн ба эдийн засгийн эрсдэл” сэдвээр Эдийн засгийн клубын гишүүн эдийн засагч Н.Энхбаяр, Ш.Алтанцэцэг, Б.Түвшинтөгс, Ж. Дэлгэрсайхан  нар байр сууриа илэрхийлсэн юм. Эдийн засгийн дараагийн хямрал магадгүй өмнөх хямралуудаас илүү урт хугацаанд үргэлжлэх эрсдэлтэй, бүр илүү гүнзгий байж магадгүй гэсэн сөрөг сэтгэгдэл зах зээлд ажиглагдах нь илэрхий байна. Үүнд тэд байр сууриа илэрхийлсэн юм.

Эдийн засагч Н.Энхбаяр: Эрсдэлийг даван туулах стратеги боловсруулах шаардлагатай

-АНУ,БНХАУ-ын хоорондын худалдааны маргааны  асуудал 2018 оны  нэгдүгээр сард Хятадад гангын үйлдвэр дэлбэрснээс хойш эхэлсэн. Гуравдугаар сард АНУ,  Хятадын  импортын бараанд тарифын өөрчлөлт оруулахаар мэдэгдэж үүнээс хойш одоог хүртэл нэлээд олон сар үргэлжилж байна. Эл маргаан зөвхөн худалдааных  биш технологийн асуудал ч бий. Жил гаруй хугацаанд үргэлжилж буй энэ хоёр улсын  маргаан Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлж болохыг тодорхой тоон мэдээлэл дээр тулгуурлан ярьж болохоор олон мэдээлэл гарсан байна. Тиймээс оны эцэст энэ асуудалд бүгд анхаарал хандуулж ярилцаж тодорхой стратеги боловсруулах шаардлагатай.

Дэлхийн банкны эдийн засагч Ш.Алтанцэцэг: Хятад руу гаргах нүүрс, зэсийн хэмжээ багасСАнаар  ханш суларч  импортыг өдөөж болзошгүй

-2008-2010, 2013-2015 оны дэлхийн эдийн засгийн хямрал өөр өөрийн онцлогтой байсан. Олон улсын эдийн засагч, судлаачид  дэлхийн зах зээл дэх эдийн засгийн хямралыг мөчлөгтэй нь холбоотойгоор хүндрэлүүдийг тооцсон гэдэг. Тухайлбал, 2008-2010 оныг дэлхийн хэмжээний санхүүгийн хямралаас, 2013-2015 оных үнийн түүхий эд, металийн үнийн шокоос үүдэлтэй бэрхшээл хүндрэл гарсан гэж тайлбарладаг. Харин энэ удаа дэлхийн хэмжээний хямрал болох уу гэдгийг хэлэх эрт байна. Гэхдээ хямрал боллоо гэхэд шалтгаан нь дэлхийн номер нэг орнуудын худалдааны маргаан, хөрөнгө оруулалтын урсгал, дэлхийн нийтийн эдийн засгийн идэвхижлийн саарсан  зэрэг байх болно. Энэ маргаан үргэлжилснээр  дэлхий нийтийн эдийн засгийн идэвхижил буурсантай холбоотойгоор  маргааныг сэдсэн  АНУ-ын тарифын шинж чанартай арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Гэхдээ нөгөө талаас Хятад улс АНУ болон бусад орнуудад түүхий эд, бараа материалаа экспортолдог болохоос биш АНУ өөрөө Хятад улс руу  экспортолдог бараа бүтээгдэхүүний нэр төрөл цөөхөн. Тиймээс Хятад улс хариу арга хэмжээ авахдаа хятадад үйл ажиллагаа явуулж буй компаниудад технологийн шинж чанартай бодлогын арга хэмжээ авах мөн ханшийн бодлого барих чиглэлд түлхүү анхаарал хандуулж байна. Хэрэв хөрш орон үндэсний мөнгө тэмдэгт болох юаны ханшийн бодлогод тоглолт хийж эхэлбэл АНУ-ын зах зээлд том нөлөө үзүүлнэ. Харин  БНХАУ-д өөрийн бараа бүтээгдэхүүнээ экспортолж эдийн засгийн өсөлтөө хангадаг манай улсын хувьд ханш суларсан тохиолдолд импортыг өдөөж болзошгүй. Энэ нь харин эсрэгээрээ манай улсын Төвбанк, Монгол Улсын засгийн газраас импортын өсөлт болон хэрэглээний зээлийг хязгаарлах бодлогоо макро түвшины бодлоготой хослуулан хэрэгжүүлэхэд нөлөөлсөн нь сайн хэрэг болсон. Хоёрдугаарт, түүхий эд металын үнийн бууралт сонгодог хямралуудын нэг. Энэ утгаар энэ удаагийн хямрал гадаад талаас нөлөөтэй. Түүнчлэн Монгол Улсын дотоод өр өндөр байгаа нь өмнөх онуудын хямралаас өөр шалтгаантай байхаар харагдаж байна. Нөгөө талаас экспорт буурсан тохиолдолд  гадаадын шууд хөрөнгө оруулалтын 50-иас илүү хувь нь ганцхан төсөл руу /Оюутолгой руу/ өрж байгаа зэрэг нь  манай эдийн засгийг эмзэг, мэдрэмтгий болгодог. Тэгэхээр экспортод голчлон гаргах бүтээгдэхүүний эрэлт буурвал манай улс ямар арга хэмжээ авах вэ гэдгээ боловсруулж  одооноос бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хэдийгээр гадаад валютын нөөц өндөр  байгаа ч 2021 оноос төлөх өрийн хэмжээ, 2020 оны төсвийн орлогын тооцоолсон хэмжээг тооцож үзэхэд дээрх санхүүжилтын дутагдлын эрсдлийг хааж чадахааргүй дүр зураг харагдаж байна.

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: Худалдааны дайны нөлөөллийн эсрэг манай улс юу ч хийхгүй байгаа нь хамгийн том эрсдэл

-Дэлхий нийтийн эдийн засгийн нөхцөл байдлыг  ажиглахад сүүлийн хоёр жилд  хямралд бэлтгэлтэй байна. Эдийн засгийн өсөлтүүд нь саарчээ. Саяхан  есдүгээр сард хийсэн дэлхий нийтийн мөнгөний бодлого, бодлогын хүүг ажиглахад  АНУ-ын Төвбанкнаас  эхлээд  Европын зарим банк  бодлогын хүүгээ хасах чиглэлд бууруулжээ. Дэлхийн худалдааны маргаанаас үүдэх  эрсдэлээс болгоомжилсон байдалтай байна. АНУ,БНХАУ-ын худалдааны дайн технологийн болоод эдийн засгийн интергациас болж үйл явдал  харьцангүй  хурдан өрнөж ,тогтворгүй орчинд болж байна. Үүнээс гадна 2008-2009  оны дэлхийн эдийн засгийн хямралаас ялангуяа АНУ-ын эдийн засаг нэлээд хурдтай урагшилсан. Тэгвэл Хятадын эдийн засаг одоогоор саарсан гэж байгаа боловч 96 хувиас доош ороогүй байгаагаас харахад эдийн засаг нь хурдацтай урагшлах магадлалтай.

АНУ, Хятад улсын хамгийн том хэрэглэгч.Хятад улс харин АНУ-ын хувьд гурав, дөрөвдүгээрт байдаг хэрэглэгч. Тиймээс худалдааны дайн эхлэхэд хоёр тал яг адил хариу арга хэмжээ авсан. Дунд үеэс Хятад улс хүлээцтэй бодлого явуулсан.Тэгэхээр энэ тохиолдолд манайх шиг жижиг улсад сөрөг нөлөөлөл, эрсдэл өндөр. Харин Зүүн Азийн үйлдвэрлэгч орнууд болох Вьетнам, Малайз зэрэг орнуудад харьцангүй эерэг нөлөөлөл үзүүлэх таамаглал байна. Гэтэл энэ худалдааны дайны нөлөөллийн эсрэг манай улс юу ч хийхгүй байгаа нь хамгийн том эрсдэл. Өнөөдөр 2020 оны төсвийн төсөөллийг харах юм бол магадгүй үүний эсрэг ч юм шиг. 2021 онд болох болзошгүй хямралаас сэргийлэх өрийг төлөх төлбөрийн бэлтгэл ажил хангалтгүй байдалтай байна. Тиймээс гадаад орчноос ирэх эрсдэл тодорхой ч дотоод орчны эрсдэлээ хамгаалахад бэлэн байх хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин  2019.10.14 №203 (6170)