Ерөнхий боловсролын сурагчдын сурах бичиг хэвлэлт дуусаж, сурагчдын гарт очиж эхэлсэн байна. Бага ангийн 39 нэр төрлийн 717799 ширхэг сурах бичиг, тусгай хэрэгцээт боловсролын 10 нэр төрлийн 1500 сурах бичгийг энэ оны долоодугаар сарын 25-нд аймгуудын Боловсрол соёл урлагийн газар /БСУГ/-аар дамжуулан орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудад болон нийслэлийн ЕБС-иудад хүргүүлжээ.

Мөн дунд ангийн 58 нэр төрлийн 233500 ширхэг сурах бичгийг наймдугаар сарын 5-нд БСУГ-аар дамжуулан аймгийн болон нийслэлийн ЕБС-иудад хүргүүлсэн. Дунд ангийн 200846 сурагчийн 40 хувь буюу нийт 80338 сурагчийн гар дээр сурах бичиг хүрсэн. Ахлах ангийн хувьд 35 нэр төрлийн 120821 ширхэг сурах бичгийг наймдугаар сарын 15-нд сургуулиудад өгсөн. Ахлах ангийн 97020 сурагчийн 40 хувь буюу 36288 сурагч гар дээрээ авсан байна. 

Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлж буй төлбөртэй үйлчилгээгээр ашиглах сурах бичгийн хэвлэлт, түгээлтийн ажил ийн эхэлжээ. ЕБС-ийн 6, 7 дугаар ангийн сурагчдын сурах бичгийг тендерт шалгарсан долоон компани хэвлэж байгаа ба эхнээс нь сургуулиудад түгээх ажил үргэлжилж байна. Харин 8-10 дугаар ангийн сурагчдын сурах бичгийг өнгөрсөн долоо хоногоос хэвлэж эхэлсэн ба удахгүй сурагчдын гарт очих гэнэ.