Монголын нууц товчооны 186 дугаар зүйлд “…Агтач Хөхөчү буцаж ирээд Чингис хаанд очиж: “Сэнгүмийг тийнхүү цөлд явган хаяад ирэв" гэж ярилцсан үгээ бүрнээ айлтгавал Чингис хаан зарлиг болруун: “Гагцхүү эмий нь амийг өршөөе. Нөгөө агтач Хөхөчү, хан эзнээ хаяж ирсэн, хараахан итгэж болохгүй хүн" гэж цавчиж алав”, 200 дугаар зүйлд “…Угалзын махыг идэж байх завсар таван нөхөр нь Жамухыг гардан барьж Чингис хаанд авчирчээ. …Чингис хаан зарлиг болруун “…Хаан эзэндээ халсдан хүнийг яаж орхих вэ. Тийм хүн хэнтэй нөхөрлөх вэ. Хаан эзэндээ халсдан харц ардыг ураг төрлийг нь хүртэл устга” гэж зарлиг болов. Тэгээд Жамухын нүдний өмнө түүнд халсдан ардыг алав.

Мөн XVI зуны сүүлээр Цогт хунтайжийн даалгавраар Төвдийн хаантай холбоо тогтоож, Үй болон Цанг эзлэхээр цэрэг захируулан явуулсан хөвгүүн Арслан тайж нь шарын шашны талд орж, эцгээсээ  урван V Далай ламд мөргөсөн. Цогт хунтайжийн шадрууд ирж мэдүүлсэнд ихэд бухимдан  урвагч хүүгээ егүүтгэх зарлиг болгосныг шадар хиа нар ёсоор болгосон байдаг.

Эдгээрийг нуршихын учир нь Монголын хаад ноёд итгэлийг эвдсэн урвагчийг үздэггүй байсныг хэлэх гэсэн хэрэг.

Таван жилийн өмнө дөө, чих дэлдийлгэж, ам ангайлгасан нэгэн мэдээлэл тарсан. УИХ-д Баян-Өлгийгөөс хоёр ч удаа сонгогдож байсан Х.Жекей Монгол Улсын харьяатаас гарч, Какахстаны иргэн болсон юм. Тэрээр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга хүртэл дэвшиж, дараа нь ХХЕГ-ын дэд дарга болж, Бригадын генерал цол хүртсэн. Мөн Монгол Улсын цэргийн шинжлэх ухааны  доктор, профессор болсон байв.

Түүнийг тус улсын Хилийн тагнуулын албанд нэлээд дээгүүр алба хашиж байгаа гэх мэдээлэл ч цацагдаж байлаа.

Харин Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны гуравдугаар сарын 28-нд “… Монгол Улсын харьяатаас гарсан Халидалдагийн Жекейд олгосон дээд офицерын “бригадын генерал” цолыг хураан авсугай” гэсэн зарлигийг гаргасан юм.

Ерөнхийлөгчийн зарлигийн дараа Х.Жекей “Монголын ард түмэнд” гэх захидал илгээж байв. Түүндээ “…Намайг “Тагнуул байсан, эх ороноос урвсан урвагч” гэжээ. Манай нүүлдэлчин ард түмэнд “усын уусан худаг руугаа бүү нулим" гэдгийн адил Монгол Улсаас Казахстанд шилжин суурчиж амьдарч байгаа олон мянган түмнээс нэг ч тийм асуудал байхгүй бөгөөд цашдаа ч тийм бөлгөө. Учир нь хоёр улсын хооронд дайсагналцах үзэл бодол, улс төрийн хувьд зөрчилдөөн асуудал байхгүй гэдэг нь ойлгомжтой юмаа. Тиймээс энэ бол дэндүү гүтгэлэг “миф" улстөржилт болон бусад шалтгаантай “үлгэр" мөн.  Та бүгд мэдэж байгаа Монгол Улсын ерөнхийлэгчиийн зарлигаар хуулийн заалтын дагуу “иргэнээс гарсан тул" надад олгосон “Бригадын генерал" цол хураагдсан тухай зарлиг гарсан. Хууль бол хууль, үүнд би харамсахгүй” гэсэн байдаг.

Гэвч Х.Жекей нь монголчуудын хувьд Урвагч нэртэй хоцорсон. Монгол Улсын нууцтай хамааралтай алба хашиж байгаад гэнэтхэн алга болж Казахстанд очсон Х.Жекейг өөр хэн гэх вэ. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тэргүүн, Ерөнхийлөгч зарлигдаж Бригадын генерал цолыг нь хураасан явдал бол Х.Жекейг урвагч хэмээсэн л хэрэг юм.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд хэдхэн хоногийн өмнө Казахстанд айлчлахдаа Монгол Улсын иргэн асан Х.Жекейтэй тун чиг дотно уулзалдаж, түүнийгээ баталгаажуулсан зураг авахуулсан нь цахим сүлжээнд таржээ. Үнэнийг хэлэхэд монголчууд үүнийг тун таагүй хүлээж авч байна.

Урвагчийг урвагч л гэнэ. Харин урвагчтай уулзаж дотноссон Ерөнхий сайдыг хэн гэх вэ?!

 

Эх сурвалж: polit.mn

 Б.Дамдин