Монгол улсад Сакурагава хотын захирагч Hideki Otsuka (Mayor of Sakuragawa), Kenichi Akiyama (Manager/Planning Division/City of Sakuragawa), Yayoi Fukaya (Planning Division/City of Sakuragawa), Daisuke Shimada (Planning Division/City of Sakuragawa), Naokatsu Tada (Shooting coach) нар айлчлан ирлээ.

Тэднийг энэ сарын 17-ны өдөр Монголын буудлага спортын холбооны Дэд ерөнхийлөгч Р.Ганзориг хүлээн авч уулзсан юм. Уг уулзалтаар Токио- 2020 олимпийн наадмын бэлтгэлийн төвд Монголын буудлагын тамирчид бэлтгэл хийх санамж бичигт гарын үзэглэсэн юм.

Мөн өнөөдөр тэднийг Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц хүлээн авч уулзлаа. Тэрбээр "Манай тамирчид удахгүй болох тэмцээнүүддээ амжилттай оролцож олимпод оролцох эрхээ нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Токио хотноо болох Олимпод их амжилтыг гаргана гэж итгэж байгаа. Биднийг дэмжиж олон жил хамтран ажиллаж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Хоёр талын хамтын ажиллагааны үр дүнд Олимпийн медальтай уулзана гэдэгт итгэлтэй байна. 2023 онд Зүүн Азийн залуучуудын их наадмыг Монгол улсдаа зохион байгуулна. Ирэх онд Ази, Европын хүүхдийн спортын их наадам зохион байгуулах гээд бэлтгэл ажлаа хийж байгаа. Ингээд Олимподоо зүтгэнэ дээ" гэлээ. 

Энэ үеэр Сакурагава хотын захирагч Хидеки Оцука өчигдөр Монголын Олимпийн хороонд очсон. Тэнд 2040 оны Олимпийн зорилт гээд бичсэн байсан нь ихэд таалагдлаа. Улаанбаатарт 2040 оны Олимп болохыг их хүлээж байгаа гэдгээ илэрхийлээд авав.

Сакурагава хотын захирагч Хидеки Оцука:  Манай Ибараки мужид буудлагын тир олон байдаггүй. Цөөхөн байдаг түүний нэг нь манай Сакурагава хотод байдаг юм. Тиймээс бид хотынхоо иргэдийн оролцоотой Монголын буудлагын тамирчдыг хүлээн авч, Олимпод амжилт гаргахад нь тусалж дэмжих хүсэлттэй байгаа юм. Энэхүү хүсэлтийнхээ дагуу өчигдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Монголын буудлага спортын тамирчид манай Ибараки мужийн иргэн Тада Наокацу багштай олон жил хамтран ажиллаж, заавар зөвлөгөө өгсөөр байгаа. Энэ хүний холбосноор бидний хамтын ажиллагааны эхлэл тавигдсан юм. Олон жилийн хамтын ажиллагааны үр дүн Олимпод амжилт гаргаж медаль авах байхаа гэдэгт бид бүхэн их хүлээж байгаа. 2020 оны Олимпод оролцох тамирчдадаа бэлтгэл сургуулилалтаа сайн хийгээрэй. Та бүхнээс медаль хүлээж байгаа шүү" хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцлаа.