Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Sunshine village” хотхоны оршин суугчдад энэ сарын 14-нөөс бөөлжиж, суулгах зэрэг гэдэсний халдварын шинж тэмдэг илэрч, улмаар ХӨСҮТ-д ханджээ.

Дээрх шинж тэмдэг илэрсэн 117 хүн хандаж, тусламж үйлчилгээ, зөвлөгөө авчээ. Өнгөрсөн баасан гарагийн байдлаар 19 хүн хэвтэн эмчлүүлж байгаа гэсэн мэдээлэл өгсөн юм.  Ундны ус болон халдварын шинж тэмдэг илэрсэн оршин суугчдын сорьцонд шинжилгээг хийхэд гэдэсний савханцар үүсгэгч E.Coli нян илэрчээ.    

“Sunshine village” хотхоны цэвэр усны шугамаас эвгүй үнэртэй ус гарч байсан ч түүнийг хоол хүнс, ахуйн хэрэглээндээ хэрэглэж, буцалгахгүйгээр шууд уусан гэдгийг оршин суугчид хэлж байна. 

“Sunshine village” хотхоныг "Химон Констракшн" ХХК барьсан бөгөөд 2017 онд ашиглалтад орж байжээ. “Sunshine village” хотхны барилга гурван жилийн өмнө ашиглалтад орсон. Гэвч ашиглалтад орноос хойш өнөөдрийг хүртэл төвийн цэвэр усны шугамд холбогдооүй, гүний худагтай байсан байна. Гүний худгийн усны бохирдож, тухай байрны орчин суугчдын гэдэсний халдварт өвчин гарчээ. Байрны орчин суугчид олноор хордлогод орсон учраас тус байруудыг төвийн цэвэр усны шугамд энэ сарын 15-ны шөнө холбож өгчээ.

“Sunshine village” хотхоны асуудлаар ХӨСҮТ-өөс гэдэсний халдварт өвчнөөр хэвтэж байгаа хүмүүсийн биеийн байдлын талаар мэдээлэл авах гэж очиход мэдээлэл өгөхөөс татгалзсан. Одоогоор мэдээллээ нэгтгээгүй байна гэсэн тайлбарыг өгч байв.

Энэ хэрэгтэй холбогдуулан мөн тус байрны нэгэн оршин суугч цахим орчинд гомдол мэдүүлжээ. Түүний хэлснээр байрны оршин суугчдад нөхцөл байдлын талаар сэрэмжлүүлэг хүргэсэн пост бичсний дараа цагдаагийн албан хаагчийн хамтаар уг зүйлээ устгахыг шаардсан гэж бичсэн байв.