Өчигдөр орой  УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг цагдан хорьжээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар энэ сарын 21-нд Урьдчилан хорих 461 дүгээр ангид хорьсон байна.

Түүнийг удаа дараа шүүх хуралдаанд саад учруулж, хойшлуулж байсан учраас ийнхүү хорих захирамж гаргажээ.

Учир нь аравдугаар сарын 21-нд буюу өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд З.Баянсэлэнгэ болон тус яамны мэргэжилтэн М.Болортуяа нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан товлогдсон байсан юм. Гэвч З.Баянсэлэнгэ шүүгч, шүүх бүрэлдэхүүн болон тухайн дүүргийн шүүхээс татгалзаж буйгаа мэдэгдсэн. Гэхдээ тэрбээр шүүхээс татгалзаж байгаа шалтгаанаа үндэслэлтэйгээр тайлбарлаж чадаагүй аж. Ингээд зогсохгүй өмгөөлөгчөөсөө ч татгалзах санал гаргасан байна. Шүүх бүрэлдэхүүн З.Баянсэлэнгийн хүсэлтийг үндэслэлгүй учир хүлээж аваагүй юм. Харин өмгөөлөгчөөсөө татгалзах саналыг нь хүлээн авчээ.

З.Баянсэлэнгэ болон түүний өмгөөлөгч өмнө нь хоёр удаа шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж байсан удаатай. Шүүхээс дараагийн шүүх хурлыг арваннэгдүгээр сарын 28-нд товлосон бөгөөд тэр хүртэл З.Баянсэлэнгийг ийн хорих шийдвэр гаргажээ.

Түүнд холбогдох хэргийг эргэн сөхвөл, З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллах хугацаандаа “Бэрэн” группын барьсан Хангай хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүй, шууд худалдан авч, улсад 972.4 сая төгрөг хохирол учруулсан. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзэн 19.2 сая төгрөгөөр торгон шийдвэр гаргасан байна. Харин улсад учруулсан 972.4 сая төгрөгийн хохирлыг “Бэрэн” группээс гаргуулахаар болсон юм. Шүүхийн энэхүү шийдвэрт Нийслэлийн прокурорын газраас эсэргүүцэл гаргаснаар Улсын дээр шүүхээс уг хэргийг анхан шатны шүүхэд буцаасан билээ. Прокурорын байгууллагаас эсэргүүцэл гаргахаас гадна З.Баянсэлэнгэ өөрийгөө буруугүй гэж үзэн торгууль төлөхөөс татгалзаж байсан. Ийнхүү уг хэрэг дахин анхан шатны шүүхээр шийдэгдэх болов. Ингэхдээ НПГ-аас З.Баянсэлэнгийн хэргийг тухайн үед Төрийн банкны захирлаар ажиллаж байсан Д.Баярсайханы хэрэгтэй нэгтгэн яллах дүгнэлт үйлдсэн байна. Учир нь БХБЯ-ны мэргэжилтэн М.Болортуяагийн нэг үйлдэл нь Д.Баярсайхантай холбогджээ. Д.Баярсайхан нь Төрийн банкны захирлаар ажиллаж байхдаа БНХАУ-ын “Шинжан Шинфан” компанид 20 тэрбум төгрөгийн зээл олгосон хэрэгт холбогдсон юм.