Бид цааш хөдөллөө. Баянмөнх “Манай нутаг хамниган хүмүүс ихтэй. Ой хөвчид зарим нь амьдардаг юм” гэлээ. Тиймээс манай сурвалжлах баг ой хөвч дунд суурьших хамниган хүмүүсийн амьдралыг сонирхохоор болов. Ерөө нутгийн үндсэн хүн ам нь Халх ба хамниган хүмүүс. Хамниган нь Тунгусын хамниган биш, баруун Алтайгаас нүүдэллэн ирсэн монгол овогтон бөгөөд энд суурьшаад хэл, заншил нь халхжсан тул хамниган халх гэдэг байж. 1650 оноос 1700-гаад оны үед оросууд өвөр Байгаль, алс Дорнодыг эзэмшиж их нүүдэл дорно зүгийг чиглэн хөврөв. Тэдний зарим нь уул ус, өвс ургамлаар баялаг үржил шимт хөрс бүхий Ерөө нутагт ирж суурьшсан байна. 1924 онд Ерөө голын Буриад хошуу байгуулах үед Оросын 10 гаруй тосгонд 200 орчим өрх айл байсан ажээ. 1900 онд Манж Чин улс тариачин хятадуудыг Ар Монголд суурьшихыг хориглож байсан хоригоо цуцалсан тул олон тооны хятадууд Ар Монгол руу цуварсны зарим хэсэг нь Ерөө нутагт ирж суурьшив. Орос оронд гарсан 1917 оны Октябрийн хувьсгал иргэний дайны хөл үймээн, улаан цагаан хядлагаас дайжсан буриадууд Монгол Улс руу нүүдэллэн ирсэн. Ерөө хошуунд 200 гаруй өрх айл ирж суурьшсан гэсэн тоо баримт бий. Ингэж Ерөө нутагт олон үндэстэн, угсаатны бүлгийн хүмүүс суурьшин иргэншиж байлаа. Гэвч 1936-1937 оны их хэлмэгдүүлэлтээр Зөвлөлтийн зөвлөхүүд буриадуудыг “эх орноосоо урвагчид” хэмээн хар дансанд оруулж хоморголон баривчилсан юм. Ерөө нутгаас 500 шахам хүмүүс баривчлагдсаны олонх нь буриадууд байв. 1953 онд энэ нутагт Ерөө сангийн аж ахуй байгуулагдав. Ажиллах хүч дутагдалтай байсан тул Говь-Алтай, Ховд аймгуудаас илгээлтээр олон залуус ирэв. 1959 оны Атрын анхдугаар аянаар Завхан, Увс, Баянхонгор, Дундговь, Баян-Өлгий аймгуудаас илгээлтээр олон арван залуус, айл өрх ирцгээсэн юм. 1960 оны дунд үеэс их, дээд сургууль, техникум төгссөн төрөл бүрийн мэргэжлийн олон хүмүүс томилолтоор ирж ажиллаж амьдран суурьшив. Илгээлтээр ажилчид авах, томилолтоор ирэх үйл ажиллагаа 1980-аад оны дунд хүртэл үргэлжилсэн юм. Ингэснээр бүх аймаг хотын хүмүүс Ерөө нутагт суурьшин, ажиллаж амьдарч байна. Мөн казах, урианхай, баяд, торгууд, дөрвөд, өөлд, хотон, дархад, сартуул, захчин, дарьганга угсаатны бүлгийн төлөөлөл олон, цөөнөөрөө бий гэнэ.

ХҮРЭН БААВГАЙГ ТОХУУРХАН ИНЭЭЛДЭХ ХАЧИРХАЛТАЙ ХҮМҮҮС

Бид уулын нарийн замаар өгсөв. Зам гэж бараг жим ажээ. Уулын манан арилж, цэлийсэн сайхан байгаль үзэгдэж, нүд хужирлана. Диваажин мэт үзэмж төгс нутаг ажээ. Модноос мод дамжин хэрэм дүүлээд л дор нь Бугант голын эх хар цай шиг хүрэн өнгөөр мэлмэрэн цовхчино. Машинтай 30 орчим минут гэлдэрсний дараа нэгэн жижиг сууринд очлоо. Монгол банхар хуцалдан ирэв. “Нохой хорь” хэмээн Баянмөнхийг орилоход хар үстэй бүчтэй малгай тэргүүн дээрээ тохож, хар тэрлэгийг улаан бүсээр бүсэлж, цэмцийтэл тосолсон бакаль углачихсан ширвээ сахалтай эр гарч ирэв. Түүнийг Баярт гэдэг. Баярттай бууж мэнд мэдэлцэх үеэр гурван ой хүрч байгаа болов уу гэмээр улаан хацартай хүү, хяруу тогтсон зүлгэн дээгүүр хөл нүцгэн “Аав аа” гээд гүйгээд ирлээ. Тэр болоогүй цээж нүцгэн. Намрын зэврүүн салхи хацар хайрсан үеэр шүү дээ. “Үгүй мөн чийрэг залуу шүү” гээд Баярт хүүгийн духан дээр үнслээ. Биднийг гэр рүү ороход хүү хоёр монгол банхартай дээр доороо оролцон, ноцолдоод үлдсэн юм. Энэхүү хөвч тайгын бэлээр үзэсгэлэнт сайхан хангай нутгаар Болд болон түүний хоёр ах гэр бүлийн хамт амьдардаг юм байна. Болдын аав нь талийгаач болж, ээж нь Бугант тосгоны төвд ач, зээ нараа сургуульд сурган аж төрдөг гэнэ. “Энэ хавиар баавгай хэр байна даа” хэмээн биднийг асуухад “Баавгай хот руу орж ирээд байхаар нь хоёр ахтайгаа нийлээд үргээлгэнд явсан. Тэрнээс хойш энэ хавиар үзэгдэхээ больсон” гээд гаансаа асааж, тамхиа баагиуллаа. Гэрийн эзэгтэй удалгүй хаалга татан орж ирэв, түүнтэй хамт хөвчийн хүйтэн агаар манан болж, гэр рүү орлоо. Бид тэднийд цайлчихаад гарч суурингийн хүмүүстэй уулзлаа. Баяртын хоёр ах хашааны голд хоёр мотоцикл хэвтүүлчихсэн үзэж тарж байв. Янзлаад байгаа бололтой. Хар модон хашааг тойруулан зурмал могой өлгөжээ. Баярт “Баавгай гэдэг амьтан могойноос л айдаг. Өөр юунаас ч айхгүй” гээд бидэн рүү харж мушилзав. Баяртын ах бидэнд хандан “Бид баавгайтай гурван үеэрээ хамт амьдарлаа. Аргыг нь нэг олчих байх аа” гээд хөхрөв. Үргэлжлүүлэн “Буугүй явж байхад гэнэт дайрах вий гэж хааяа эмээгээд байдаг юм. Ер нь тэгээд уруу газар баавгай биеэ дийлдэггүй. Тийм болохоор уулын уруу руу зугтаж байгаад гэнэт замаа өөрчлөх хэрэгтэй. Тэгвэл нөгөөдөх чинь эрчиндээ уруудаад л алга болно шүү дээ” гээд инээмсэглэлээ. Тэд баавгайг тохуурхан хөхрөлдөнө. Ер нь тэр араатнаас айж, эмээж байгаа шинж алга. “Өчигдөр нэг баавгай ирээд энэ зурмал могойг хараад ум хумгүй цаашаагаа цогисон” гээд Баярт уул хадыг цуурайттал инээлээ. Яг л морь янцгаах мэт хөхөрнө. Ах дүү гурав ямар ч амьд амьтан үргэхээр хоолой нийлүүлэн инээж, элдвийг ярилцах нь сүртэй. Ер нь тэд баавгайг зуудаг нохойн чинээ ч боддоггүй бололтой. Тохуурхан хөхрөлдөнө. Эзэнгүй зэлүүд нутагт баавгай хөгтэй ярианы сэдэв болдог бололтой. Баавгайг тохуурхах энэ идэр эрсийн өвөг дээдэс казах гэнэ. Гэхдээ казахаар нэг ч үг ойлгодоггүй гэлээ. Уул устайгаа ойрхон амьдардаг учраас бөөгийн шашин шүтдэг аж. Тэд халх яриатай, халх эхнэртэй. Өөрсдөө халхжсан хамниганууд юм.

ХӨВЧ ДЭХ БУЙДХАН АМЬДРАЛ САЙХАН

Баяртын том ахыг Заяа гэдэг. Хар хүрэн царайтай, өтгөн хууз сахалтай этгээд нөхөр. Тэрээр уулын бэл рүү дурангаар харан зогсов. Тэгснээ алив голын тохой руу хар даа гээд дурангаа өглөө. Уулын энгэрт бамбаруушаа дагуулсан хүрэн баавгай зүлэг зулгаан зажилж харагдлаа. “Үгүй ээ энэ чинь баавгай өвс иддэг хэрэг үү” гэж гайхан асуухад “Халиар идэж байгаа юм. Тэрнээс үхэр биш дээ. Юу гэж зүлэг идэхэв” гээд хөхөрлөө. Тэгснээ бидэн рүү хараад “Өө нэг юм саначихлаа. Хэд хоногийн өмнө урд уулын бэлд нэг хангай манай нэг хонийг унагаачихсан идэж байдаг юм байна. Толгойгоо хоёр тийшээ савчуулаад л. Би ч буугаа цэнэглээд суулаа. Ер онионд орж ирдэггүй шүү. Тухайн үеийн бодлоор бол махаа нэг талдаа ялгаж тавиад байгаа юм шиг л харагдсан. Тэгээд сумаа тавьсан цаашаа гүйгээд орчихов. Мөрөн дээр нь шархдуулсан байх. Очоод харсан нөгөөх чоно чинь махаа сонгинотой хольж идээд байсан юм байна лээ” гээд л морь янцгаах шиг инээлээ. Бид бүгдээрээ нэрхийтэл инээлдэв. Махаа сонгинотой хольж идээд байх даа яахав дээ. Сайхан бурах юм аа гээд л.

Заяа “Нээрээ гэм дээ. Орчин үеийн чоно чинь махаа сонгинотой хольж иддэг болчихсон юм биш үү” хэмээгээд толгойгоо маажив. Ийнхүү биднийг элдвийн зүйл ярьж зогсоход Баяртын гэргий “Хоол болчихлоо. Орж ирж яс мөлж” гэв. Хөдөөний буйдхан амьдрал сайхан гэж жигтэйхэн. Сонгиноо байгалиасаа түүчихнэ. Халиар түүгээд янзын сайхан дарчихаж. Өөхтэй том хавирга барьж аваад л халиар, сонгинотой холиод зооглов. Энд хүссэн газраа гэрээ бариад хэвтчихэд хэн ч юу ч хэлэхгүй. Утаа, түгжрэл гэж мэдэх ч үгүй. Үндсэн хуулийн өөрчлөлт тэдэнд падлийгүй. Эрх дураараа хөвч, тайгад аж төрж байна. Хэнээс ч хараат бус амьдарна гэдэг л энэ байх.

Ер нь Ерөөгийн иргэд амьжиргаатай. Жижиг, дунд үйлдвэрлэл ихтэй. Зөгийн бал, талх гээд хийхгүй юм байхгүй. Уул уурхай, газар тариалангаараа бас амьдарчихна. Энэхүү эдийн засгийн тогтвортой эргэлт нь зардал багатай буйдхан амьдралд хангалттай хүрчихдэг ажээ.

АЯН ЗАМЫН ТӨГСГӨЛД

Хэдий хөвчийн буйдхан газар боловч энд өөрчлөлт анзаарагдана. Олон сувгийн антентай. Түүгээрээ Монголын болон гадаадын 100 гаруй суваг үзчихнэ. Овор хэмжээ багатай нарны цахилгаан үүсгүүрийг аккумуляторт холбож, цахилгаантай болдог гэнэ.

Баяртын том хүү гэрийнхээ буйдан дээр хэвтчихсэн пабжи ухаалаг утасны тоглоомыг тоглож харагдана. Баярт том хүүгээ болиулах гээд дийлдэггүй гэдгээ нуусангүй. Харин өөрөө спортын сувагт нугасгүй гэнэ. UFC мэргэжлийн холимог тулааны тэмцээнийг үзэх дуртай бөгөөд алдартай зодоончдыг нь андахгүй танина. Тэд байгаадаа сэтгэл хангалуун мэт боловч, нэг л зүйл дутагдаад байдгийг нуусангүй. Телевизээр гарах киноны өнгө алагласан хотын дүр төрхийг тэд сэтгэлдээ төсөөлнө. Нууцхан тэр их хүн амын төвлөрөлд очиж, кино шигээ амьдрахыг мөрөөснө. Өндөр шилэн барилга, гоёмсог хувцаслалт гээд хөдөөд байхгүй зүйл хотод их бий. Ингээд бид эртлэн сумын төв рүү хөдөлсөн юм. Тэндээсээ нийслэл рүү хөлгийн жолоо зална.

Ерөө голын ай сав газраар нутагладаг иргэдийн аж амьдрал болоод нөгөөх дуулианы эзэн баавгайн талаар элдэв хачир нэмэлгүй сурвалжлахад ийм байна. Цагаан газар гараад сумын төв рүү давхихад ой хөвч манантан ард үлдэв. Баярт “Хотод очоод уулзана шүү” хэмээгээд дугаарыг минь аваад үлдсэн дээ...

Өдрийн сонин