Өнгөрөгч аравдугаар сарын 23-ний өдөр Баян-Өлгий аймагт амьдардаг оюутан охин ахынхаа гэрээс хичээлдээ явлаа гэж гараад сураггүй алга болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 23 настай эмэгтэй Л  аравдугаар сарын 23-ны өдөр сураггүй алга болсон байдаг. Сураггүй алга болсон гэх охин Л нь  “Ховд” их сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутан бөгөөд ахынхаа гэрээс хичээлдээ явна хэмээн тухайн өдрийн өглөөний 07.00 цагт гараад эргэж ирээгүй.

Мөн өдөр аймгийн ар гэрийнхнийх нь өгсөн өргөдөл мэдээллээр Цагдаагийн газар эрэн сурвалжилсан ч үр дүнд хүрээгүй аравдугаар сарын 29-ний өдрийг хүргэсэн. Сураггүй алга болсон 23 настай охиныг Онцгой байдлын газрын алба хаагчидтай хамтран  ар гэрийнхэн  нийлсэн нийт 22  хүн 26-ны өдрөөс эхлэн “Сагсай хавцал”-аас “Соёмбот-Уул” гэдэг газар  хүртэл есөн км-т явганаар, “Ховд” голд 1,5-2 метрийн гүнд гурван  удаа шумбаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.

Харин охиныг Ховд голын зүг рүү ганцаараа явж байхыг нь харсан хоёр гэрчийн мэдүүлгээр дахин тухайн голд шумбалт хийснээр аравдугаар сарын 30-ний өдөр цогцсыг Ховд голоос олжээ. Охины цогцост хийсэн урьдчилсан үзлэгээр гадны ямар нэгэн нөлөө, шарх сорив байгаагүй ба живж амиа алдсан байсан  гэв.

Эл хэргийг Баян-Өлгий аймгийн цагдаагийн газарт нарийвчлан мөрдөн шалгаж байна. Тун удахгүй задлан шинжилгээ болон бусад нотлох баримтуудаар хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх аж.