УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /ЭЗБХ/-ны өнөөдрийн хуралдаанаар, Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ны даргыг албан тушаалаас нь чөлөөлөх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ. 

СЗХ-ны дарга С.Даваасүрэн нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдөл гаргаж УИХ-ын даргад өргөн барьжээ. Тиймээс дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн, ХНХ-ийн сайд С.Чинзориг, СЗХ-ны дарга нь өөрөө өргөдлөө өгч байгаа нь хариуцлага тооцож байгаа хэлбэр мөн гэж үзэх эсэхийг асуув. УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улс саарал жагсаалтад орсонтой холбогдуулан Монголбанкны ерөнхийлөгч, СЗХ-ны даргатай уулзаж хариуцлага тооцох шийдвэрээ хэлсэн. Харин СЗХ-ны дарга С.Даваасүрэн энэ шийдвэртэй холбогдуулан өргөдлөө өгсөн тул хариуцлага тооцож байгаа хэлбэр гэж үзнэ гэсэн тайлбарыг өгөв.

Ийнхүү санал хураахад СЗХ-ны дарга С.Даваасүрэнг албан тушаалаас нь чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Ингээд СЗХ-ны даргыг чөлөөлөх тухай тогтоолыг батлагдсан өдрөөс дагаж мөрдөхийг Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар танилцуулаад, чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүлэв.