Өмнөд Солонгост бэлгийн дарамтын хэрэгт холбогдоод байгаа Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр өчигдөр өглөө Индонезийн Бали арлаас Инчеонд ирж байцаалт өгч эхэлсэн билээ.

БНСУ-ын Инчеон хотын цагдаагийн газарт Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц /ҮХЦ/-ийн дарга Д. Одбаярын байцаалт  11 цаг орчим үргэлжилсний эцэст өнгөрсөн шөнө 01.00 цагийн орчимд өндөрлөжээ.

Байцаалтын үеэр Д.Одбаяр зарим хууль зөрчсөн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн тухай Инчеон хотын цагдаагийн төлөөлөгч дараа нь мэдэгджээ.

Хэргийг үргэлжлүүлэн шалгах хэрэгтэй гэж үзсэн тул мөрдөн байцаагчид түүнд арваннэгдүгээр сарын 6-наас 15-ныг хүртэл 10 хоногийн хилийн хориг тавьсан байна. Энэ хугацаанд Д.Одбаяр Өмнөд Солонгосоос гарах эрхгүй болсон гэсэн үг.

Байцаалт дууссанаас хойш 30 минутын дараа тэрээр Инчеоны олон улсын нисэх буудлаас гарч, өмгөөлөгчийнхөө автомашинд сууж явжээ. Сэтгүүлчид түүнээс олон асуулт асууж байсан ч огт үг хэлэлгүй яаран явсныг хэвлэлүүд мэдээлсэн байна.

Өнгөрсөн хугацаанд Инчеоны цагдаагийн газар Korean Air компанийн нийт гурван ажилтнаас мэдүүлэг аваад байгаа ажээ. Тэдний хоёр нь бэлгийн дарамтын хохирогч болсон ажилтнууд юм байна.

Харин түүнтэй хамт явсан А-ийн хувьд түүнийг баривчлах шийдвэр гарчихсан, БНСУ-ын хилээр орж ирсэн даруйд баривчлан саатуулж, мөрдөн байцаах ажиллагааг эхлүүлэх аж. БНСУ-ын зүгээс энэ хэрэг дээр Сөүл дэх Монгол Улсын элчин сайдын яамтай хамтран ажиллахаар болжээ.