Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн Хүүхдийн уншлагын танхимын уг үндэс нь анх 1979 онд 5 дугаар сарын 25-нд Монголын Залуучуудын Эвлэлийн төв хорооны харъяаны Хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр “Хүүхдийн төв номын сан” гэсэн нэрээр 20,000 гаруй номтойгоор байгуулагдсан байна. Хүүхдийн төв номын сан нь хүүхэд залуучуудын дунд номоор үйлчлэхээс гадна ном сурталчилгааны хамгийн өргөн хүрээтэй төрөл бүрийн соёл олон нийтийн ажлыг зохион байгуулдаг, ахлах ангийн танхим, бага анги болон дунд ангийн танхим, сурах бичгийн өрөө, үндсэн фонд, тогтмол хэвлэлийн өрөө, үлгэрийн танхим, хөгжмийн өрөө гэх мэт зургаан танхимтайгаар үйл ажиллагаа явуулдаг байсан.

Номын сангийн ажилд идэвхтэй оролцож, олон ном уншиж хичээл сурлага, ажил хөдөлмөртөө үр бүтээлтэй ашигласан сурагчдад номын сангаас “Номын сайн нөхөр” тэмдэг, үнэмлэх олгодог байсан бөгөөд 2008 онд чөлөөт сонголтонд орж Хүүхдийн уншлагын танхим болгосон байдаг.

Одоогийн байдлаар тус танхим нь уншлагын танхим болон гэр бүлийн уншлагын танхимтай, нийт 7000 гаруй номтой. Мөн төв болон харьяа 4 салбартаа Хүүхдийн уншлагын танхимуудаараа хүүхэд, багачуудад боловсрол, соёл, мэдээлэл, чөлөөт цагийн эрэлт хэрэгцээг хангахад чиглэгдсэн үйлчилгээг үзүүлж, бие хүнийг бүтээлчээр хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Ингээд 2011 оноос Хүүхдийн уншлага- Шатар уншлагын танхим болон ажиллаж эхэлсэн. 2015 онд дуучин, реппер Н.Цэцэнбилэг “Ном ба Ирээдүй” хандивын тоглолт хийж, Гэр бүлийн уншлагын танхимыг тохижуулж өгсөн. 2018 оны 10 дугаар сараас тус танхимын үйлчилгээний номын санчаар Ж.Рая томилогдон ажиллаж байгаа. Үйлчилгээний номын санч Ж.Рая нь 2019 он 08 дугаар сард хариуцсан хүүхдийн уншлагын танхимыг олон улсын стандарт нийцсэн орчин нөхцөлтэй, хэрэгцээт номын сан хөмрөгтэй болгохыг зорин Арабын Нэгдсэн Эмират Улсын Элчин сайдын яаманд хандаж 55.000.000 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлсэн. Хөрөнгө оруулалтаар танхимын иж бүрэн засвар, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн ба 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нээлтийн арга хэмжээ зохион байгуулан сурагч, хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн болоод байна.