Улсын Дээд шүүхийн шүүгч, гавьяат хуульч Ц.Зоригийг ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээ өгсөн бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, ажлаас нь чөлөөлсөн байдаг.  Үүнээс хойш Ц.Зориг нь Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байсан юм. Тэгвэл шүүгч Ц.Зоригийг Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалаас энэ сарын 14-нд чөлөөлсөн байна.

Ц.Зориг нь 1982-1990 онд Сэлэнгэ аймаг, Улсын Дээд шүүх, Хууль зүй, арбитрын яаманд арбитрч, 1990-1992 онд Октябрийн районы ардын шүүхэд шүүгч, 1992-1993 онд Улаанбаатар хотын шүүхийн гишүүн, 1993-2006 онд Нийслэлийн шүүхийн шүүгч, 2006-2010 онд Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч, 2010 онд Улсын Дээд шүүхийн шүүгч, 2010-2013 онд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга, 2010-2019 онд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, 2019 оны гуравдугаар сараас Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллажээ.

Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр өчигдөр тушаал гаргаж, ШЕЗ-ийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн ерөнхий зөвлөхөөр ажиллаж байсан гавьяат хуульч Б.Сарантуяаг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Хуульч Б.Сарантуяа нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаад 2016 оны арванхоёрдугаар сарын 27-нд  бүрэн эрх нь дуусгавар болж, тус зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн ерөнхий зөвлөхөөр ажиллаж байсан юм. Тэрбээр 1976 оноос хойш хууль шүүхийн байгууллагад ажиллажээ.

Хуульч Б.Сарантуяа болон түүний хүүг Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт татан шалгаж байгаа ч ажлаас чөлөөлсөн нь уг хэрэгтэй холбоогүй гэдгийг эх сурвалжууд тодотгов.