Манай улсад ажилгүйдэл сар ирэх тусам нэмэгдэж байна. Ажилгүйдэл гэдэг нь өөрийн ажлын байртай болохын тулд, ажиллахыг хүсэж байгаа ажилгүй хүмүүсийг хэлдэг. Тэгвэл энэ оны аравдугаар сарын байдлаар 126 мянга 582 иргэн ажилгүй байна. 

Ажиллах хүчний судалгааны 2019 оны 3 дугаар улирлын дүнгээр улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 1.3 сая нь ажиллах хүч байгаа бөгөөд ажиллах хүчний оролцооны түвшин 60.1 хувь байна. Ажиллах хүчний оролцооны түвшинг хүйсээр авч үзвэл, эрэгтэйчүүд 67.4 хувь, эмэгтэйчүүд 53.5 хувь байна. Хөдөлмөрийн нөөцөд ажиллагчдын эзлэх хувь буюу хөдөлмөр эрхлэлтийн түвшин 54.2 хувь байна. Хүйсээр авч үзэхэд эрэгтэйчүүд 60.1 хувь, эмэгтэйчүүд 48.8 хувь байгаа гэсэн судалгаа гарчээ. 

Тэгвэл ирэх онд Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлэх гэж буй. Энэхүү шимтгэл нэмэгдвэл ажилгүйдэл газар авах нь хэнд ч ойлгомжтой болоод байна. 

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны эхний 10 сард ажилгүй 69.0 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 19.1 мянган иргэн ажилд зуучлагдан оржээ. Харин 52.9 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2019 оны 10 дугаар сарын эцэст 34.6 мянга, үүнээс 21.9 (63.3%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 12.7 (36.7%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд аж. Энэ ажилтай мөртлөө өөр ажил хайж байгаа иргэдийн ихэнхи нь цалингаа нэмэгдүүлж, өөрсдийн гэсэн орон байртай болох гэсэн эрмэлзлэлтэй иргэд. Гэтэл тэдний авдаг хэдэн төгрөгийн талаас илүү хувийг шимтгэл нэрээр авах гэж байгаад олон хүн эсэргүүцэж байгаа билээ. 

Үйлдвэрчний эвлэлийн холбооных эсэргүүцэж жагссан. Тэд Засгийн газар 2020 оноос татвар, НДШ-ийг нэмэхгүй байх  асуудлыг эргэж харна гэсэн амлалтаасаа ухарлаа. Ирэх онд  цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмнэ гээд тодорхой хэмжээний мөнгийг төсөвт суулгасан. Гэвч НДШ-ийн хувь хэмжээг нэмэх юм бол энэ нь цалингийн нэмэгдэл биш болж хувирна. Харин ч хорогдол болно хэмээсэн юм. Ажил олгогчдын зүгээс шимтгэлийг нэмэгдүүлвэл ажилгүйдэл нэмэгдэнэ гэдгийг ч онцлов. 

Нэг сая төгрөгийн цалинтай хүний цалингаас 35 хувийн татвар авна гэдэг хувь хүнд нэлээн том ачаалал. Түүгээр ч зогсохгүй ажлын хүчний ихэнхи нь залуучууд байгаа. Тэд банкнаас орон сууцны зээл авах гэж л нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байгаа нь бодит амьдрал. Эрх баригчид хэзээ хөрсөнд буусан шийдвэр гаргадаг болох вэ? Угтаа энэ асуудал хэнд ч ойлгомжтой.