Орхон аймгийн “Жаргалант” таеквондогийн холбооны баг тамирчдад Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газрын даргын тушаалаар спортын цол зэрэг олгох арга хэмжээ өнөөдөр аймгийн “Ёслол хүндэтгэлийн өргөөн”-д боллоо. Уг арга хэмжээнд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва оролцож, аймгийн таеквондогийн холбооны баг тамирчдад баяр хүргэж спортын цол зэргийг гардуулан өглөө.  

           Биеийн тамир спортын газрын даргын тушаалаар таеквондогийн Олон улсын хэмжээний мастер цолоор Бат-Очирын Хосхөлөг, Сандагжавын Үржинжав, Отгонжаргалын Азхүү нар шагнуулсан бол есөн тамирчин спортын мастер цолоор, таван тамирчин спортын дэд мастер цолоор, найман тамирчин таеквондогийн спортын нэгдүгээр зэргээр шагнагдлаа.  

       Орхон аймгийн Жаргалант таеквондогийн холбоо нь 120 гаруй тамирчин гурван дасгалжуулагч багштай үйл ажиллагаагаа явуулж байна. Орхон аймгийн “Жаргалант” таеквондогийн холбооны баг тамирчид 2019 онд зохион байгуулагдсан олон улсын болон улс, бүсийн 13 тэмцээнээс 78 алт, 54 мөнгө, 80 хүрэл медаль хүртсэн байна.